Өмнөх УИХ-ын 76 гишүүнд УИХ-ын Тамгын газраас хоёр жилийн өмнө албан хэрэгцээнд нь зориулж IPAD өгч байсан юм. Түүнийг хувийнхаа хэрэгцээнд ашиглах, хэн нэгэнд бэлэглэх, хүүхэд, дүү нартаа өгөхийг хатуу хориглосон. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ-ын гишүүдээс хэн нь ч IPAD-аа эргүүлж өгөөгүй байна. Тэд хувийн эд зүйлсээ Төрийн ордноос нүүлгэж, хувьсгалын хөрөнгө хогшлоо эргүүлж тушаасан хэдий ч зөвхөн IPAD-аа хувьдаа авч үлдэж дөнгөжээ.
Үүнийг хуучин төрийн түшээд төрөөс IPAD “хулгайлав” гэж хэлж болохоор байна. УИХ-ын Тамгын газрынхан үлгэрт гардаг уулын буганд эврээ зээлүүлээд ус уух тоолондоо “Эргүүлээд авчраад өгөх болов уу” хэмээн алсыг харж горьддог болсон тэмээ шиг л “IPAD-аа нэг сайхан өдөр авчраад тушаах байх даа” гэж харуулддаг болжээ.
Уг нь тэр IPAD-уудыг шинэ гишүүдэд өгөх учиртай юм гэнэ лээ.
Д.ОЮУН