Тэдний араас гишгэж яваа Казахстан 250 мянган доллар гэж “дуугарсан” бол Беларусь, Киргизстан 150, Украин 85 мянгыг амлажээ. Гүржийн хувьд Бээжингийн олимпийн аваргууддаа олгож байсан 30 мянган долларын шагналаа хэвээр баталсан бол Ерөнхийлөгч Михаил Саакашвили нь И.Алиевийн нэгэн адилаар түрийвчээ тэмтрэх нь тодорхой байна. 2008 онд М.Саакашвили Бээжингийн олимпийн гурван аваргаа хувиасаа тус бүр нэг сая лари буюу 606 мянга орчим ам.доллараар мялааж байв. Гүржийн ҮОХ-ны тэргүүн Каха Беридзэ энэ талаар хэлэхдээ “Ерөнхийлөгч алтан медальтныг хэдээр шагнахаа 20-нд мэдэгдэнэ. Бидэнд байгаа мэдээгээр энэ удаагийн шагнал нэг сая ларигаас давах бололтой” гэжээ.
ОХУ-ын хувьд ч алтан медаль урьдын адил үнэтэй байх нь. Тус улсын Засгийн газраас саяхан гарсан шийдвэрээр бол алтан медалийг дөрөв, мөнгийг 2.5, хүрэл медалийг 1.7 сая рублиэр үнэлэхээр болсон байна. Оросууд үүнээс өмнө медалийн шагналаа төлбөрийн нэгж буюу ам.доллараар тооцон зарладаг байсан бол энэ жил анх удаа рублиэр тооцсон бөгөөд 1996-2004 онд 50, 30, 20 мянган төлбөрийн нэгж байсан шагналыг 2008 онд нэг дахин нэмэгдүүлж 100, 60, 40 мянган евро болгосон билээ. Өнөө жилийн рублиэр тооцсон шагнал нь 2008 оны хэмжээтэй хэрэг дээрээ дүйж байгаа, өөрөөр хэлбэл Лондоны олимпийн медалийн үнэлгээ Бээжингийн олимпийнхоос төдийлөн нэмэгдээгүй гэсэн үг юм. ОХУ-ын Спортын яамнаас Засгийн газартаа оруулаад буй тогтоолын төслөөр бол дасгалжуулагч тамирчныхаа хүртсэн шагналтай ижил хэмжээний мөнгө авахаар байна. Харин шигшээ багийн дасгалжуулагчид олгох шагналын хэмжээг багийнх нь нэг тамирчны авсан мөнгөний 200 хувиар бодох бөгөөд харин дээд хэмжээ нь найман сая рубль байх аж.
Медаль авах найдлагаар бага орнуудын хувьд амласан мөнгөнийх нь хэмжээ сонирхол татаж байна. Түүхэндээ олимпийн наадмаас медаль авч үзээгүй Сингапур улс шагналынхаа дээд хэмжээг 500 мянган ам.доллараар тогтоосон бол Малайз улс 300 мянга гэжээ. Амьжиргааны түвшин угаас өндөр, тамирчдынх нь ахуй хангамж сайн байдаг чинээлэг орнуудын хувьд байдал өөр юм. Багийн дүнгээр дээгүүр орохыг зорьж буй АНУ, Герман, Австрали, Франц, Япон зэрэг орнууд 20-60 мянган доллар л амлаж байгаа бөгөөд хүн нь олимпийн аварга болбол тэртэй тэргүй хөрөнгө хуримтлуулах үүд нь нээгдчихдэг зах зээлийн зохицуулалттай орнууд ингэх нь ч аргагүй биз.
БНХАУ-ын хувьд олимпийн аваргуудаа хэрхэн урамшуулах нь одоогоор тодорхойгүй байна. Лондоны наадамд багаараа түрүүлэх нь туйлын магадтай энэ улс алтан медальтнаа 500 мянган юань буюу 78 мянган доллароор шагнана гэсэн албан бус мэдээ бий. 2000 оны Афины наадмын алтан медалийг Хятадын төр 200 мянган юаниар үнэлсэн нь харин бодитой юм. Сүүлд мөнгө нэмж өгсөн гэх боловч тодорхой баримт үгүй.
Олимпод гаргасан тамирчдынхаа амжилтыг албан ёсоор огт үнэлдэггүй улсууд ч бас байна. Швед, Норвеги, Финланд, Австри зэрэг Европын улсуудын төр засаг аваргууддаа хэзээнээс шагнал урамшуулал олгодоггүй уламжлалаа өнөө жил хэвээр хадгалж байгаа юм. Наадам зохион байгуулж буй Их Британи улс ч үүний нэг жишээ болж байна. Тус улсын ҮОХ, Спортын яам нь медальтнууддаа зориулж сохор зоос ч гаргахгүй бөгөөд үүнийгээ “Тамирчин хүн мөнгөний төлөө бус, нэр төрийн төлөө явах ёстой” гэхчлэн зөвтгөдөг ажээ.