Халимагийн бөх анх удаа олимпод зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Халимагийн бөх анх удаа олимпод зодоглоно

“Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн тэмцээний 55 кг-ийн жинд ОХУ-аас Халимагийн иргэн Мингиян Семенов зодоглох болжээ. Тэрбээр ярихдаа “Би Зуны олимпийн наадамд оролцох халимагийн анхны бөх болж байгаадаа баяртай байна. Тавиад жилийн өмнө манай нутгийн Тул Балдашинов гэдэг бөх олимпийн наадамд оролцохоор бэлтгэл хийж байсан боловч сүүлийн мөчид түүнийг хассан байдаг. Тийм учраас би зуны олимпийн наадамд оролцох гэж байгаа нь  халимагийн бөхийн спортын түүхэнд том үйл явдал болж байна” хэмээн ярьжээ. Түүнийг дэмжихээр өвөө болон нутгийн хөгжөөн дэмжигчид нь Лондонд очихоор төлөвлөсөн байна.

М.Семёнов дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд ах Саналын хамт Москвад амьдарч, бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. 2011 онд дасгалжуулагч Михаил Гамзиний хүсэлтээр Красноярск хотод шилжин сууршиж, энэ онд Саранск хотод болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр тэрбээр олимпийн наадамд оролцох эрхтэй болсон юм. 2004 онд Афин хотод болсон Зуны олимпийн наадмын сонгомол бөхийн тэмцээнийг аавынхаа хамт зурагтаар үзэж байхдаа 66 кг-ийн жинд өрсөлдсөн Оросын бөх Максим Семеновын барилдааныг харчихаад “Өөр М.Семенов ингэж барилдах цаг ирнэ” хэмээн аавдаа хэлж байжээ.

Д.ӨЛГИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж