“Алтан ураг” гадаад зах зээлдээ анхаарна

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

“Алтан ураг” гадаад зах зээлдээ анхаарна

Ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан этно урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай шинэ уран бүтээл, аялан тоглолтынх нь талаар ярилцлаа.

-“Алтан ураг” хамтлагаар сонин юу байна?

-Саяхан ОХУ-ын Краснаярскт болсон Азий номхон далайн орнуудын хөгжмийн урлагийн наадамд очиж тоглоод ирлээ.

-Нийт хэдэн орны уран бүтээлчид оролцов? Манай улсаас өөр ямар уран бүтээлчид байсан бэ?

-Ази номхон далайд хамрагддаг 20 гаруй орны уран бүтээлчид ирж, уран бүтээлээ толилуулсан. Оросын ард түмэн энэхүү наадмын гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм билээ. 12 жилийн өмнө хоёр дахь наадам нь болж байсан бол энэ жил гурав дахь удаагаа зохион манай улсаас ДБЭТ-ын удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү гэсэн хоёр багш маань, дуурийн дуучин Р.Доржхорлоо, Э.Амартүвшин Б.Алтанхуяг, С.Мөнгөнцэцэг, манай хамтлаг оролцоод ирсэн. Манай хамтлаг наадмын хоёр том талбайд тоглосон. Маш олон хүмүүс үзсэн. Энэ бол бид өмнө нь гадаадын оронд очиж, тоглож монголынхоо урлагийг тахалж, Монгол хүн юу сэтгэж, бодож явдаг вэ гэдгээ гайхуулж, бишрүүлдэгтэй нэгэн адил тоглолт болсон.

-“Алтан ураг” хамтлагийг сонсдог фенүүд, үзэгчдийн дунд хүлээлт байнга байдаг л даа. Тэд одоо ямар шинэ уран бүтээлээр “тэсрэлт” хийх бол гээд?

-Бид нарын хувьд ардын урлагийг орчин цагийн урлагтай холбож хамгийн анх гаргаж ирсэн гэдэг утгаараа одоо чиний хэлдэгээр тэсрэлт хийхийг бодож байгаа. Тиймээс бид тоглож байгаа хөгжим дээрээ шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Мөн энэ намраас хоёр, гурван клип хийхээр зураг авалтынхаа талаар хүмүүстэйгээ ярилцаж байна. Саяхан шинээр “Жалам хар”-ыг бичүүлсэн. “Жалам хар”-ын клипний ажилд орох бодолтой байгаа даа.

-Эхний бэлгээ энэ намар задлах нь ээ. Танай хамтлаг одоогоор долоон цомог гаргачихсан байгаа шүү дээ. Дараагийн цомгийн ажилд төдийлөн яарахгүй байгаа гэж сонсогдож байсан?

-Тийм ээ. Долоон цомог гэдэг бол цөөн тоо биш. Бид нарын хувьд цомгийн хойноос хөөцөлдөх бодолгүй байна. Ерөнхийдөө бид гадаад зах зээлд илүү анхаарч байгаа. “itunes” дээр бид гурван сарын өмнө дуунуудаа байршуулсан. Сүүлийн үед дуунуудын маань борлуулалт ихэссэн. Гадаад борлуулт руугаа орох бодолтой байна. Цаашид цомгоо ч гэсэн гадагшаа борлуулж, пянз гаргах гээд олон ажлуудыг ярианы төвшинд хийж эхэлсэн.

-Танай хамтлагийн дараагийн том зорилтот ажил бол гадаад зах зээл рүү уран бүтээлүүдээ нийлүүлэх гэж ойлгож болох нь ээ?

-Анх ардын урлагийг залуус тоодоггүй тэр үед манай охамтлаг гарч ирж, Монголынхоо залуучуудад, үе тэнгийнхэндээ ардын урлагийг хүргэнэ гэсэн эхний том зорилго байсан. Түүнээс хойш бидний бодсоноор болж, “Алтан ураг” хамтлаг гарч ирсэнээс хойш олон залуу ардын урлагийг сонирхдог болж, олон хамталгууд шинээр төрж, уран бүтээлээ туурвиж байна. Бидний дараагийн зорилт бол гадаадад Монголын урлаг, Монгол хүмүүсийн оюун ухаанаас юу гарч болдог вэ гэдгийг хүргэх л бодлого баримталж байгаа. Дээр нь гадаадад манай хамтлагийн маш олон фенүүд бидэнтэй байнга холбоотой байдаг. Манай хамтлагийн фейсбүүкээр гадаадын фенүүд маань холбогдож, байнга дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Одоо энэ тал дээрээ л анхаарч ажиллана даа. Манай хамтлагийн фейсбүүк хуудсаар зочлон бидний тухай шинэ мэдээлэл, аялан тоглолтын талаар сонирхоорой. Мөн “Алтан ураг”  веб сайт шинэчлэгдэж байгаа. Ирэх долоо хоногт бүрэн дуусаад нээгдчихнэ гэдгийг хэлэхэд таатай байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж