“Жокер” үзэгчид рүү гал нээв

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

“Жокер” үзэгчид рүү гал нээв

“Бэтмэн” киноны шинэ анги "The Dark Knight Rises."-ийн нээлтийн үеэр өчигдөр АНУ-ын Колорадо мужийн Авроро хотын нэгэн кино театрт өөрийгөө “Жокер” гэж нэрлэсэн нэгэн эр хүмүүс рүү гал нээснээс 12 хүн газар дээрээ нас барж, 58 хүн шархадсан хэрэг гарчээ. Өчигдөр өглөө гарсан энэ хэрэгт Денверийн их сургуулийн философийн ангийн оюутан байсан 24 настай Жеймс Холмсыг сэжиглэж байгаа юм байна.   Үсээ улаанаар будсан сэжигтэн этгээд өөрийгөө цагдаа нарт “Жокер” гэж танилцуулсан гэнэ. Аврора хотын цагдаагийн дарга Дэн Оутесын хэлснээр амиа алдагсад бүгд буудуулсан байжээ. Өчигдөр орой кино театраас шүүх эмнэлэг рүү аваачсан  хохирогчдын цогцсыг таних ажиллагаа эхэлсэн байна. Нэгэн гэрчийн мэдээлснээр гэмт этгээд хорт утааны баг зүүсэн байжээ. “Жокер” бол “Бэтмэн” комикс номын эсрэг талын гол баатар бөгөөд 2008 онд комикс зохиолоос сэдэвлэсэн "The Dark Knight,"кинонд Холливудын  жүжигчин Хит Лежер тоглосон юм. Киноны зураг авалтыг дуусгаж чадалгүй нас барсан Хит Лежерт түүний бүтээсэн “Жокер”-ын дүрээр нь “Оскар”-ын шагналын нэхэн олгосон байдаг. Хэрэг гарсан кино театрын ойролцоох таван барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, кино театрын цогцолбор барилга руу хэнийг ч оруулалгүй Холбооны мөрдөх товчооны  ажилтнуудыг дуудсан гэнэ. Цагдаа нарын мэдээлж буйгаар сэжигтэн этгээд хөлөөсөө толгой хүртэл хамгаалалтын хувцас өмссөн байсан бөгөөд хэргийн газраас  AR-15, 12 калибрын  буу, 40 калибрын гар буунууд олджээ. Аврора хотын цагдаагийн газар сэжигтэн этгээд сүүлийн хоёр сарын дотор зэвсгийн дэлгүүрээс дөрвөн буу худалдан авч, интернэт дэлгүүрүүдээс 6,000 гаруй сум худалдаж авсныг тогтоожээ. Мөрдөгчдийн мэдээлснээр сэжигтэн этгээд киноны тасалбар худалдан авч дотогш орсон байжээ. Киноны нээлтэд зориулж Бэтмений шүтэн бишрэгчид олноор цугласан бөгөөд тэдний дийлэнх нь Бэтмэний хувцас малгай өмссөн байжээ. Кино эхлэх үед гэмт этгээд арын хаалгаар гарч, буу зэвсгээ бэлтгээд орж ирсэн гэнэ. Тэрбээр үзэгчдийг буугаар шүршин танхимын шатаар тайван алхаж байжээ. Цочирдолд орсон үзэгчид сэхээ авч, халдлагын талаар утсаар мэдээлэх хүртэл “Жокер” долоон минутын турш буугаар шүршжээ. Шархадсан олон хүний дунд дөрвөн сартай нялх хүүхэд хүртэл байгаа гэнэ. Сэжигтнийг шүүх хурал ирэх даваа гаригт Колорадо мужийн шүүхэд болох ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, төрийн далбааг хагас гудайлгах шийдвэр гаргажээ. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж өнгөрсөн шөнө Аврора хотынхон лаа асааж эмгэнэн гашуудсан байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж