сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Статистикийн албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20 хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувийг дотооддоо хангаж байхад будаа, элсэн чихэр, жимс, жимсгэнэ, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний 60-80% нь зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрэн орж байна.
БНХАУ-аас импортлож байгаа ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд Замын-Үүд боомт дах Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны ургамал хорио цээр, чанарын хяналтын болон эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хяналт тавьж, бүтээгдэхүүний дээжийг тус боомтын итгэмжлэгдсэн нэгдсэн лабораторид ургамал хорио цээр, хими, хор судлал болон нянгийн шинжилгээнд хамруулан сорилтын дүнгээр стандартын шаардлага хангаж байгаа нөхцөлд улсын хилээр нэвтрүүлдэг байна.
Манай орны зах зээлийн нөхцөлөөс хамаарч нэг тээврийн хэрэгсэлд иргэд 4-6 төрлийн жимс, 2-4 төрлийн төмс, хүнсний ногоо ачдаг. Хэдий Замын-Үүд боомтын ачаалал их байгаа ч хүн ардаа эрүүл чанартай хүнсээр хангах эрхэм зорилгоо биелүүлэх үүднээс жимс, хүнсний ногоо импортлож байгаа тээврийн хэрэгсэл тус бүрээс тогтмол 3-4 төрлийн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулдаг болсон нь урд онтой харьцуулахад 70%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
2012 оны эхний хагас жилийн байдлаар жимсний улаан хачиг Phanonychus ulmi koch нь 4 удаагийн ургамал хорио цээрийн шинжилгээгээр 13 тонн алиманд илэрч, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож устгасан. Энэхүү жимсний улаан хачиг Phanonychus ulmi koch нь манай улсад бүртгэгдээгүй учир ХХААСайдын 2005 оны 11-р сарын 15-ны өдрийн 155 дугаар тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй хөнөөлт шавьжийн жагсаалт”-д багтсан тул үр, суулгац, бүтээгдэхүүнээр дамжин Монгол улсын хилээр нэвтэрч орохоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авч байна.
Жимсний улаан хачиг /Phanonychus ulmi Koch/ маш жижигхэн 0,25 – 0,3 мм урт, энгийн нүдээр харах бараг боломжгүй, улаан пэлцгэр, аалзан хэлбэртэй, бөөрөнхий биетэй, дээгүүрээ үсэрхэг бүрхүүлтэй. Маш хурдан үрждэг онцлогтой. Өндөг нь дугуй хэлбэртэй, хөгжлийн эхний үедээ өнгөгүй, нэвт харагддаг, томрох тусам өнгө нь булингартаж, шаргал өнгөтэй болдог. Аалзан хачиг нь ургамлын эд эсэийн шим тэжээлийг сорж хооллодог. Гэмтсэн ургамлын навчин дээр цагаан, цайвар өнгийн жижиг толбо цэг гарч, нарийхан аалзны тор үүсч, түүн дотор нь аалзан хачиг түүний өндөг үүрлэдэг. Ургамлын эд эсүүд нь үхжиж фотосинтезийн гадаргуу багассанаас ургамлын өсөлт хөгжил зогсонги байдалд орж, ургамал сул, давжаа, ямарваа нэгэн халдвар авахдаа амархан болно. Хачиг ургамлын доод үеийн навч нахиаг шүлсээрээ ороон хатаадаг. Хачигны ялгаруулсан шүлс ургамлын физиологид нөлөөлж бохирдуулсанаар түүний найрлаганд өөрчлөлт орж, чанар нь мууддаг байна.
Хачиг нь алимны мөчирөөс зүүгдэх ишний хонхор хэсэгт байрладаг тул алим худалдан авахдаа уг ишний хонхор хэсгийг сайн ажиглаж, харалсан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн, бохирдсон байвал болгоомжлох хэрэгтэй. Замын-Үүд боомтын лабораторийн шинжилгээгээр энэхүү хачиг импортын 5 сортын алиманд илрээд байгаа талаар Замын-Үүд боомт дахь ХМХА-ны Ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Л.ОЮУН хэлж байлаа. Иймд чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчиж, гудамж талбайд ил зарагдаж байгаа жимснээс худалдан авахаас зайлсхийх нь таныг эрсдлээс хамгаална. Ийнхүү хүн амын эрүүл, цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх эрх зөрчигдөж байгаа нь хvнсний аюулгvй байдал биш, vндэсний аюулгvй байдлын хэмжээнд яригдах цаг болжээ.