Туул, Ерөө голын ус үерийн төвшнөөс 5-25 см давжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Туул, Ерөө голын ус үерийн төвшнөөс 5-25 см давжээ

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар түр зуурын ширүүн бороо орсны улмаас голууд үерлэж  иргэд усанд осолдох тохиолдол олон гарсан. Цаашид ч нутгийн ихэнх хэсгээр бо­роо орох төлөвтэй байгаа аж. Тиймээс ард иргэдэд сэ­рэмж­лүүлэг, мэдээлэл хүр­гэх зорилгоор Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер  М.Должинсүрэнтэй уулзлаа.

-Энэ сарын сүүлчээр цаг агаарын төлөв ямар байхаар байна?

-Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд энэ сарын 21-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөрт 18-23 хэм дулаан байна.Энэ сарын 25-наас нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

-Өмнөх жилүүдтэй харь­цуулахад агаарын тем­ператур яаж өөрчлөгдөж байна?

-Олон жилийн дунджаар энэ сард өмнөх жилүүдийн мөн үеийнхээс 2-5 хэм дулаан байна. 2007 онд бүх нутгаар бороо харьцангуй бага орсон гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ жил бүх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын, усархаг аадар бороо их орж байна. Олон гол үерийн түвшинг давж иргэд усанд осолдсон тохиолдол ч гарсан.

-Хаана, ямар гол үерийн түвшинг давсан бэ?

-Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн бороо зүсэрч орно. Энэ сарын 19-нд Ерөө, Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг таван см орчмоор даван хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. Иймээс дээрх гол дагуу нутаглаж байгаа ард иргэд, аялал зугаалгаар явж буй хүмүүс үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

-Иргэдийг үер уснаас аюулаас хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжлүүлсэн бэ?

-Цаг агаарын мэдээг өдөр болгоны 15:30 цагт манай Tsag-agaar.mn сайтад тавьж байгаа. Энэ мэдээлэлд маргаашийн болон ойрын таван хоногийн цаг агаарын мэдээ, уур амьсгалын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ ордог. Үүний дагуу ОБЕГ-тай хамтарч ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Тухайлбал, саяхан Нийслэлийн онгой байдлын газраас Туул голын дагуу завьтай эргүүл гаргасан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, мэдээ хүргэж байна.

Ч.АРИУНБОЛД
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж