УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууссан ч бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд гишүүд нь цугларан хуралдаж байна. Гэхдээ бүлгийн даргын өрөөнд болж буй эл хуралд өмнөх парламентад гишүүн байсан Д.Очирбат, Д.Одбаяр нарын хэд, хэдэн намын гишүүд оролцож буй аж. Ингэхдээ тэд УИХ-ын даргыг сонгох тухай бус ирэх долоо хоногийн мягмар гариг буюу энэ сарын 24-нд болох МАН-ын Бага хурал хийгээд, намын даргын асуудлыг хөндөж буй аж. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх хүсэлтээ өчигдөр Удирдах зөвлөлийн хуралдаанд мэдэгдэж, дэмжихийг хүссэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа. Тэр дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад намын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг, УИХ-ын дэд даргад Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Н.Энхболдыг дэмжсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы анхдугаар хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байгаагаас чуулган хойшилсоор байна. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлж байгаагаар бол УИХ-ын даргыг томилохтой холбоотой зөвшилцөл намуудын хооронд болж буй тул чуулганыг өнөөдөртөө багтаан хуралдуулна гэж хэлж буй юм.
Г.ДАРЬ