Дорноговь аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон сум хөгжүүлэх санд төвлөрөх хөрөнгө өдий болтол хуваарилагдаагүй учраас газар тариалан, барилга, хөдөө аж ахуй зэрэг улирлын чанартай томоохон төслүүд удааширч байна. Аймгийн ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн н.Бандихүүгийн ярьж буйгаар тус аймагт хуваарилах хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ, бусад үйл ажиллагааны чиглэлийг Сангийн яамнаас одоо болтол шийдээгүй байгаа гэнэ. Өнгөрсөн онд Сайншанд, Замын-Үүд зэрэг томоохон суманд 250 сая төгрөг, бусад суманд 50 сая төгрөгийг Сум хөгжүүлэх сангаас хуваарилж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг тус санд хуримтлагдаагүй байна гэнэ. Сум болон ИТХ-ын тогтоолоор зээлийн хүүг жилд гурав хүртэлх хувиар харилцан адилгүй тогтоосон болохоор зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа төдийгүй зээлийн эргэн төлөлтөөс хуваарилах зээл мөн адил бага байгаа аж.
Х.Эрдэнэ /Дорноговь/