Улсын Их Хуралд эхний гацаа үүслээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Улсын Их Хуралд эхний гацаа үүслээ

Зөвшилцөөнөөс болж гацав

УИХ-ын шинэхэн гишүүд наадмын өмнөхөн, долдугаар сарын 6-нд тангаргаа өргөж бүрэн эрхээ баталгаажуулснаас хойш УИХ-ын анхдугаар чуулганаа үргэлжлүүлэхээр  өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдах ёстой байв. Түүгээр УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгож нам, эвслийн бүлгийг байгуулах байсан юм. Товлосон цагт АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд, сүүлхэн хэрд бие даагчид чуулганы танхимд цугларсан ч МАН-ын бүлгийнхэн ирсэнгүй. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл МАН-ын бүлгийнх тул танхимд цугларсан гишүүдэд хуралдах бололцоо олдсонгүй.

Хэсэг хугацааны дараа Д.Дэмбэрэл дарга танхимд ирж хуралдааныг эхлүүлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын даргыг сонгох асуудлаар АН-ын зүгээс МАН-д зөвшилцөх санал ирүүлээгүй нь хууль зөрчсөн асуудал болохыг анхааруулж, мөнхүү шалтгаанаар МАН-ын бүлэг хуралдаанд оролцох бололцоогүйг хэлэн гарч одсоноор гацаа үүсэв. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл ч хурлыг завсарлуулах шийдвэр гарган алхаа цохисноор МАН-ын бүлэг хэдий хугацаагаар хуралд орохгүй болсон нь тодорхойгүй үлдсэн юм. Хэдийгээр үдээс хойш 15.00 цагаас чуулганы хуралдааныг эхлүүлэхээр АН-ын бүлгээс зарласан ч МАН-ын бүлэг ирэлгүй бүлгийн хурлаа хийв.

Ийнхүү шинэ УИХ-д анхны гацаа үүслээ. МАН-ын бүлгийнхэнд АН-аас УИХ-ын даргыг сонгох асуудлаар пүрэв гаригийн орой л бичиг явуулж, бичгийг МАН-ын байрны жижүүр дээр орхисон нь хуралдаан гацаах шалтгаан болсон юм. АН-ын бүлгийн гишүүн С.Баярцогт “МАН-тай зөвшилцөх шаардлага ч байхгүй” гэсэн нь сөрөг хүчнээ гэдийлгэх шалтгаан дээр шалтаг нэмлээ.

Энэ удаагийн УИХ асар хүчтэй сөрөг хүчинтэй. Тэд олон суудалтай намынхаа алдаа бүрийг анаж, хуулийн гаргалгаагаар тонгорох мэхийг сайн хийх учир АН-ын бүлгийнхэнд хий гаргах эрх байхгүй. Энэ удаа АН-ынхан анхныхаа хийдлийг гаргаж сөрөг хүчиндээ УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөх бичиг явуулалгүй удсан нь “Зөвшилцөхөд цаг хэрэгтэй” гэсэн МАН-ын хариу мэхэнд ороогдох нэг шалтгаан боллоо.

Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн төгсгөлд намын бүлгүүд хугацаагүй хурал хаядгийг хязгаарлах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргаж байсан ч АН-ын бүлэг хойргошсоор батлалгүй үлдээсэн. Сонгуулийн өмнөхөн, УИХ завсарласан хойно АН-ын бүлэг хэвлэлийн бага хурал дээр УИХ-ыг хуралдуулж, уг хуулийг батлуулах талаар ярилцсан ч сонгуулийн сурталчилгаандаа мордсон гишүүд ирээгүй.

Түүнээс болж УИХ дахь намын бүлгүүд цаг хязгааргүй завсарлага авдаг хуучин зарчим хэвээр үлдсэнээс болж МАН-ын бүлэг хэзээ хуралдаанд орж ирэх нь ойлгомжгүй байдалтайгаар энэ долоо хоногийн сүүлийн ажлын өдөр дууслаа.

Энэ бол шинэ УИХ-ын үзэж буй анхны гацаа. Нэгэнт том сөрөг хүчин парламентад байгаа тул ийм байдал нэг бус удаа үзэх нь ойлгомжтой.

Эмэгтэйчүүд болон бие даагчид үр дүнтэй өнжив

УИХ гацаанд орсон үеийг УИХ-ын бие даагчид болон эмэгтэй гишүүд үр ашигтай өнгөөрөөв. Эмэгтэй гишүүд хамтарч бүлэг байгуулан АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг даргаараа сонголоо. УИХ-ын есөн эмэгтэй гишүүн АН, ИЗНН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн дөрвөн субъектын  төлөөлөлтэй. Тэд бүлгийн даргын албыг жил бүр ээлжлэн хашиж байхаар шийдвэрлэж өөрийн гэсэн бүтцийн байгууллагатай болоод авлаа.

Харин байнгын ажиллагаатай парламентын түүхэн дэх хамгийн олон бие даагч болох гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар УИХ-д бие даагчдын зөвлөл байгуулах болсноо мэдэгдлээ. Тэд итгэл өгч сонгосон сонгочдодоо өгсөн амлалтаа хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын тулд олонхтой ч, цөөнхтэй ч хамтарч, хэрэгтэй бол Засгийн газарт орохоо ч үгүйсгэсэнгүй.
   

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж