Аль рашаан сувилалд амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Урин дулааны өдрүүдэд ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүсэлтэй хэн бүхэн сувиллын газрыг зорьдог. Учир нь байгалийн болон уламжлалт арга буюу зүү төөнүүр, шавар, бариа заслаар ямар ч өвчнийг анагааж болно гэж эрт үеэс энэ эмчилгээний арга барилыг үнэлсээр ирсэн билээ. Одоогоор Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг ажээ. Тэгвэл улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал гэнэ. “Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувиллаар жилдээ 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна. Сувилалд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст төрөөс ямар хөнгөлөлт үзүүлдэг тухай албаны хүнээс тодруулахад, Нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог ажээ. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авах юм байна.

Ахмад настнуудын ихээр зорьдог Төрийн өмчит компани болох “Оргил” рашаан сувиллын газар одоогоор засвартай байгаа аж. Тус төвийн Сэргээн засалтын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Г.Туяагаас цөөн асуултанд хариулт авлаа.

-“Оргил” рашаан сувилалд жилд хэдэн хүн хэвтэн эмчлүүлдэг вэ?

-“Оргил рашаан” Төрийн өмчит ХК сувилалд жилдээ 10-11 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувь нь ахмад настан байна. Нэг ээлжинд 380 хүн хүлээн авах хүчин чадалтай.

-Сувилалд хэдэн хүн ажилладаг вэ?

-Эмнэлгийн хэмжээнд 120 ажилтантай. Сувилгаа, эмчилгээний, аж ахуйн болон хоол үйлдвэрлэлийн гээд гурван тасагтай. Аж ахуйн тасаг нь сувиллынхаа дотоод аж ахуйн үйлчилгээ, нөөцийг зохицуулдаг юм. Нөгөө хоёр нь хэвтэн эмчлүүлэгсдийнхээ эмнэл зүйн үйлчилгээг хариуцан ажилладаг.

-Голчлон ямар төрлийн эмчилгээ эрхэлдэг тухай тодруулахгүй юү?

-Нэг хүн нэг төрлийн өвчинтэй ирнэ гэж бараг үгүй. Нэг өвчин нөгөөдөө дамжсан байдаг. Мэдээж 10 хоногийн хугацаанд хэдэн жил өвдсөн өвчинг эдгээчихнэ гэж байхгүй. Ямартай ч аливаа өвчинг хүндрэх, газар авахаас нь өмнө урьчилдан сэргийлж, байгалийн болон уламжлалт аргаар нөхөн сэргээлт хийдэг юм. Үндсэндээ физик эмчилгээ, иллэг, массаж, зүү төөнүүр, шавар гээд ерөнхийдөө 27 төрлийн эмчилгээ хийдэг. Нэг өдрийн төлбөр 22800 төгрөг байдаг бөгөөд жилийн дөрвөн улиралд ажилладаг. 

-Аливаа төрлийн харшлын өвчнийг уламжлалт аргаар эмчлүүлэхийг зорих болжээ. Энэ талаар төрөлжсөн эмчилгээ байдаг уу?

-Харшлыг дагнан, нам дарна гэсэн эмчилгээ, тасаг байхгүй ч, харшлаа эдгээх гээд зориод ирж байгаа хүмүүст зүү тавих, тайвшруулах, дотрын эмчилгээ хийх буюу зохих эмчилгээг нь хийнэ.

-Одоогоор Монголд насны ангиллаар ялгасан сувиллын газар байдаг уу?

-Тухайлбал, багачуудад зориулсан сувилал алга. Хүүхэд ханиад хүрэхээр л тариа тарьчихдаг. Орчин үеийн лазер, эм, тан дээр түшиглэсэн эмчилгээ биш, нар салхи, байгалиар анагаах ухаан балчир хүүхдүүдэд хамгийн сайн. Тэгэхээр ийм дагнасан сувиллын газар байвал их хэрэгтэй л дээ.

-Ер нь рашаан сувиллын туршлага, цаашдын хандлага ямар байна вэ?

-Одоо л рашаан сувиллын тогтолцоо хөл дээрээ тогтож, бэхжиж байх шиг. Ер нь бол Монголын рашаан сувилал дэлхийн орнуудаас тийм их хоцрогдоогүй шүү дээ. Эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж л гэхээс, арга зүй, туршлагаараа хоцрогдоогүй, харин ч авууштай тал бий. Ер нь тухайн улс өөрийн уламжлалт, зан заншил дээрээ тулгуурлавал амжилттай байдаг юм байна. Жишээ нь, дорнын анагаах ухаан болох зүү төөнүүр дээрээ үндэслэн рашаан сувиллаа хийсээр амжилтанд хүрч, бусад орнууд түүнээс үлгэрлэн дууриаж эхэлсэн шүү дээ. Манай сувиллыг гэхэд гадаадын хүмүүс сонирхож их ирдэг.

-Гадаадын улс орнуудад энэ чиглэлийн сувилгаа ер нь ямар байдаг юм бэ?

-Гадаадын орнуудад сувилал нь урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү хөгжиж байна. Өвчнийг эрт үед нь эмчлээд, бариад авдаг гэж хэлж болно. Ялангуяа баруун европын орнуудад  энэ нь моданд орж байгаа. Америкт гэхэд, хуучин ахмад настай хүмүүс ихээр сувилуулдаг байсан бол одоо насны ангиллыг нь харвал идэрчүүд сувилуулах нь их болж. Эрэгтэй хүн хүнд хүчир ажил хийдэг, ачаалал ихтэй байдаг учир амралт, сувилал зайлшгүй шаардлагатай байдаг ч төдийлөн сувилуулаад байдаггүй бол үед энэ талаар их анхаарах болсон байна.
Рашаан сувиллаар томоохонд тооцогддог газруудыг сонирхуулъя.

“Аварга тосон” сувилал:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 км-т оршдог. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат –хлорид, натри, калцийн найрлагатай содатай нуур ажээ. “Аварга”-ын рашаан нь дээрх найрлагаас гадна нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Энэ нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, бодисын солилцооны архаг өвчин болон цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. “Аварга тосон”-ы сувилал улирлын чанартай  буюу зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд ажилладаг юм. Нэг ээлжиндээ 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ. 

Шаргалжуут:

Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог гэнэ. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай тухай эмчлүүлэгсэд ярьцгаадаг юм. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг ажээ.

 Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой гэнэ.  Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй ажээ. Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой юм байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг гэнэ. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна.
 

Гурван нуурын рашаан сувилал:

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг ажээ. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой юм байна. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэнэ. Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг /зөвхөн эмчилгээний төлбөр/ гэнэ. Сувилал руу очихын тулд Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж