Энэ зун хур тунадас арвинтай байгаа нь тариалангийн бүс нутгуудад эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ зургаа, долдугаар сард үргэлжилсэн борооны үеэр тариалалтын ажил саатах тохиолдол гарчээ. Ирэх жилийн тариалалтад бэлтгэх уринш болон ургамал хамгааллын ажлууд саатахад хүрсэн байна. Мөн зарим аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн гуу жалгын ойролцоо орших тариалангийн талбайг үерийн ус сүйтгэжээ. Үүнийг эс тооцвол бороо, цаг агаарын байдлаас үүдсэн хохирол харьцангуй бага байгаа аж. Тиймээс цаашид тохиолдож болох нөхцөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор ургамал хамгааллын асуудлыг чухалчилж байгаа бөгөөд үргэлжилсэн борооны улмаас чийгийн хэмжээ нэмэгдсэн байна. Мөн давхар хогийн ургамалтай тэмцэх ажлыг хийж, холбогдох ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцөлөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан өгч байгаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Э.САРАА