Сансарын нүхэн гарцын ажлыг өнөөдөр эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Сансарын нүхэн гарцын ажлыг өнөөдөр эхлүүлнэ

Нийслэл хотод зам засварын ажилтай холбогдуулан Сүхбаатарын талбайн баруун тал, 100 айлын гүүр гэхчлэн зарим замын хөдөлгөөнийг хааж эхлээд байна. Мөн өнөөдрөөс эхлэн Сансарын тунелийн зүүн уулзварын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Энэ тухай Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Ч.Батсайханаас тодрууллаа.

-Сансарын тунелийн уулзварыг хэзээнээс хаах вэ?

-Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газартай зөвшилцөж, Их тойруу, Сансарын тунелийн зүүн уулзварт баригдах нүхэн гарцын ажлыг өнөөдөр орой 22.00 цагт эхлүүлнэ. Зүүн 4 замаас хойш Сансарын ШТС хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна. Яагаад гэвэл нүхэн гарц хийхэд авто замыг хэсэгчлэн хаах ямар ч нөхцөл байхгүй.

-Зам барилгын ажил хэзээ дуусах вэ?

-Есдүгээр сарын 1 гэхэд нүхэн гарц бүрэн ашиглалтад орно. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл хийж гүйцэтгэх юм. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой. Сансарын тунелийн талын урт хэсэг нь 54.1 метр, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй байна. Авто замын өргөн 23.7 метр  байх юм.

-Нүхэн гарц барих ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр энэ замыг засч байгаа юм. Энэ ажлыг “Хотын зам” ХХК хийж, гүйцэтгэнэ.
 
-Цаашид хаана, хаана нүхэн гарц барих вэ?

-Төлөвлөсөн долоон гарцаас эхний ээлжинд Сансарын тунелийн ажлыг ийнхүү эхлүүллээ. Дараагийн ээлжинд хуучнаар “Ард” кино театрын өмнө, Их дэлгүүрийн урд, X хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөөд байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж