266 мал аянгад цохиулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

266 мал аянгад цохиулжээ

Увс аймгийн хэмжээнд долдугаар сарын 10-15-ны хоорондох цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээг аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Эдгээр өдрүүдэд 17 сумын нутаг дэвсгэрт 0-9 мм хур тунадас орж, таван суманд 12-16 м/сек хүрсэн шуурга болсон байна.

Ой хээрийн түймрийн нэг, обьектын гал түймрийн нэг, мал амьтны гоц халдварт өвчний нэг, хүчтэй аадар бороо, аянга цахилгааны осол хоёр, хүчтэй салхи шуурганы талаар хоёр дуудлага тус хэлтэст ирсэний дагуу холбогдох арга хэмжээг авсан байна. Тухайлбал, энэ сарын 9-нд Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт аянга бууж, малчин О.Шараагийн мал хариулж явсан С.Мөнхбаяр, И.Гансүх нар хөнгөн түлэгдэж, 205 хонь, 60 ямаа, нэг морь, нийтдээ 266 мал аянгад цохиулж үхжээ. Энэ мэдээллийн дагуу сумаас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, түлэгдсэн хоёр иргэнийг сумын эмнэлэгт шилжүүлж, үхсэн малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан байна.

Сүүлийн үед байгалийн гамшгийн дуудлага тасралтгүй ирж байгаа тул ард иргэд, ялангуяа малчид сонор сэрэмжээ дээшлүүлж, болзошгүй аюулаас сэрэмжилж байхыг аймгийн ОБХ-ээс анхаарууллаа.

Б.Батхүү /Увс/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж