Банкны бүтцийн өөрчлөлтөөр мэдээлэл өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Банкны бүтцийн өөрчлөлтөөр мэдээлэл өгнө гэв

Гаднын зөвлөх урин арилжааны
банкуудын “бөөр”-ийг гаргахаар шийдсэн Монголбанкны ерөнхийлөгчийг
өчигдөр хэвлэлийнхэн отож өнжив.  Банкуудад бүтцийн өөрчлөлт хийх төслийг
хэвлэлийнхэн “гэрэл” цохиулснаас хойш “Бүтцийн өөрчлөлтийн төслийг
лхагва гаригт УИХ-д танилцуулна” гэсэн яриа гараад байв. Нэгэнт УИХ-ын
зарим хүний захиалгаар хийсэн шахуу учраас УИХ үүнийг дэмжиж, банкууд
гурван сарын дотор өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх аянд мордоно гэсэн
таамаглал байсан юм. “Банкны бүтцийг өөрчлөх, дахин хөрөнгөжүүлэх” гэсэн
сүрдэм нэртэй энэ хөтөлбөрийн амин сүнс нь арилжааны банкуудын өөрийн
хөрөнгийг нэмэгдүүлэх. Санхүүгийн хэллэгээрээ бол өөрийн хөрөнгийн
зохистой харьцаа 12 хувь байх ёстой. Энэхүү хэмжээг 12 хувьдаа барьж
чадахгүй байгаа банкуудыг “илрүүлэх” цаашилбал 14 хувьд хүргэх гэдэг
ерөнхий санаа нь. Банкуудад тавих шаардлагыг өндөржүүлж байгаа чухал
арга хэмжээ мэт сонсогдож байгаа боловч гурван сарын дотор энэ хэмжээнд
нэмэгдүүлэхгүй бол банкийг татан буулгах, дампууруулах гэх мэт хатуу
“ялтай”. Гэхдээ үүнээс өмнө улсын төсвөөс дахин хөрөнгөжүүлэх тусламж
үзүүлнэ. Засгийн газрын бондоос авах, түүнийгээ эргүүлэн төлөх гэх мэт.
Энэхүү тулган шаардалт гэмээр болзлыг хүлээж авахгүй бол мөн л дээрх
“ял” үйлчилнэ.
Уг нь банкуудаа чанаржуулахын тулд бодож олсон
төрийн бодлого мэт боловч гурван сарын дотор өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх
шаардлага тавина гэдэг үнэндээ бүтэшгүй зүйл гэж эдийн засагчид гасалж
байна. Тэд өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагыг алгуур хугацаанд шат
дараатай тавих ёстой гэж үзэж байгаа юм. Бас нэг шүүмжлэл нь Монголбанк
анхнаасаа дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхэд байнгын
хяналт тавих ёстой мөртлөө одоо түүнийгээ алдчихаад гэнэт нууц төсөл
гаргаж ирж, арилжааны банкуудын толгойг заазуур доор тавьж байна гэлцэж
байна. Мэдээж хэрэг төв банкныхан үүний эсрэг “банкуудаа чанаржуулах,
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” гээд “чухал чухал” тайлбарууд хэлнэ.
Анод банкны хувь заяа “өнцөгдөж”, Зоосыг төр мэдэлдээ авчихсан. “Араас
нь явчихмаар банк хоёр, гурав байгаа шүү” гэж төв банкны ерөнхийлөгч нь
үе үе заналхийлээд байгаа нөхцөлд заазуур мэт тасхийтэл авах арга хэмжээ
нь энэ мэтээр олон нийтэд бууж байгаа байх л даа. Гэхдээ л арилжааны
банкныхны хувьд үүнийг төр банкуудыг мэдэлдээ авах гэж санаархаж
байгаагийн нэг илрэл гэж ундууцаж байна.  Тийм ч учраас энэ хөтөлбөрөө
нууц байлгаж байгаад гэнэт гаргаж ирж банкныхныг айлгах байсан ч
харамсалтай нь, хэвлэлээр дэлгэгдчихсэн гэлцэж байгаа юм. Харин
Монголбанкныхан “Энэ бол шууд шийдчих асуудал биш. Арилжааны
банкуудынхаа санаа бодлыг бас сонсоно. УИХ-д танилцуулна” гэх маягийн
тайлбар хийж байгаа. Үүнээс хоёрхон хоногийн өмнө буюу даваа гаригт
Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн нь арилжааны банкуудын хувьд тийм ч
сайн мэдээлэл биш байсан. Бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг ч тэд
чих тавин хүлээж байгаа юм. Энэ хүлээлтийн зуур Монголбанкны ерөнхийлөгч
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанд
танилцуулга хийнэ гэсэн тов байсан болохоор бүтцийн өөрчлөлтөө
танилцуулах нь гэсэн мэдээлэл сонсогдлоо. Үдээс өмнө Монголбанкны
ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үүнийг үгүйсгэж байсан бөгөөд төсвийн
тодотголтой холбоотой, жижиг сажиг асуудалд хариулна гэсэн  юм. Гэвч
Төсвийн байнгын хорооны хуралдаан хаалттай болов. Хэдийгээр өөр асуудал
яригдана гэж байсан боловч бүтцийн өөрчлөлтийн төсөл нэгэнт хэвлэлээр
гарсан учир гишүүд энэ талаар эрхэм ерөнхийлөгчөөс ярианы далимд ч болов
асуугаад гарна гэж байлаа.

Харин Монголбанкныхан бүтцийн
өөрчлөлтийн талаар андуу ташаа ойлголт төрж магадгүй байгаа учраас ирэх
долоо хоногт тусгайлан хэвлэлийн бага хурал зарлана гэсэн зар тараалаа.
Үүгээр энэ долоо хоногт лав өөрчлөлтийн хөтөлбөрийг УИХ-д оруулж ирэхгүй
юм байна гэсэн ойлголт төрөөд байна.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж