С.Эрдэнэ: Чуулганаас нам завсарлага авах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Чуулганаас нам завсарлага авах эрхгүй

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч МАН-ын хувьд “УИХ-ын сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл 39-ээс дээш гишүүний санал авч чадаагүй тул бүх улстөрийн нам, эвсэл нь УИХ-ын даргыг сонгох асуудлыг зөвшилцөх шаардлагатай” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оролцох боломжгүй болохоо илэрхийлсэн билээ. Иймд бид дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд “МАН-ын хувьд анхдугаар чуулганд оролцох боломжгүй” гэдгээ илэрхийллээ. Мөн хуралдаан даргалсан Д.Дэмбэрэл гишүүн “Одоо намууд зөвшилцөх шаардлагатай” гээд чуулганы хуралдааныг завсарлуулчихлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад нь даргалж явуулах хуулийн заалттай. Хэрвээ хамгийн ахмад настай гишүүн нь хурал даргалах боломжгүй хэмээн өөрийгөө үзвэл дараагийн ахмад настан гишүүнээр УИХ-ыг даргалж удирдуулаад явах гарц байгаа. Ер нь бол анхдугаар чуулганыг даргалагч нь УИХ-ын дарга бол биш шүү дээ, зохицуулагчийн үүрэг л гүйцэтгэж байгаа. Тийм болохоор хуралдаан даргалагч нь чуулганы хуралдааныг зогсоох, гацаах эрх байхгүй.

Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаас аль нэг нам завсарлага авна гэдэг юм уу, аль эсвэл УИХ-ыг хуралдуулахгүй байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. УИХ-д албан ёсны бүлэг л завсарлага авах эрхтэй. Өнөөдөр бол аль ч намын бүлэг албан ёсоор байгуулагдаагүй байгаа. Бүлэг байхгүй байгаа учраас завсарлагын тухай ойлголт байхгүй гэсэн үг.

-Д.Дэмбэрэл гишүүн намынхаа талд ороод анхдугаар хуралдааныг даргалдаггүй юм аа гэхэд Ардчилсан намд хамгийн ахмад гишүүн нь хэн байна вэ?

-Дараагийн ахмад настан гишүүн гэвэл Р.Гончигдоржоос эхлээд байна л даа. Асууж байгаад аль ахмад настангаар хурал удирдуулаад явах бололцоотой вэ, тэр гарцыг хайж л таараа, бүр болдоггүй юм бол. Ер нь УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан 69 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Өнөөдрийн хувьд 43 гишүүн чуулганы хуралдаанд оролцлоо, энэ бол 69 хувийн ирцтэй байна гэсэн үг. Энэ нь ирц хангалттай, цаашаа бол ямар нэг саад тотгоргүйгээр явах бололцоотойг илтгэж байгаа.

-Гэхдээ МАН-ын хувьд УИХ-ын даргыг томилох асуудал дээр зөвшилцөл шаардлагатай. Ардчилсан намынхан манай намд бичиг хүргүүлснийгээ зөвшилцөл гэж ойлгож болохгүй гэдэг байр суурь илэрхийлээд гарлаа шүү дээ?

 
-Улсын Дээд Шүүхийн тайлбар байдаг. Тэр нь амаар буюу бичгээр саналаа хүргүүлснийг зөвшилцсөн гэж ойлгоно оо гэж… Ардчилсан намын хувьд УИХ-ын даргыг томилох асуудал дээр Ардын намынханд өчигдөр бичгээ хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд бичиг авсан гэдгээ сая хуралдааны үеэр илэрхийлсэн. Үүнээс илүү ойлгомжтой ямар тайлбар хэрэгтэй юм бэ.

-Тэгэхээр заавал хэлэлцээр хийх шаардлагагүй гэсэн үг үү? 

-Нэгэнтээ бичгээ хүргүүлчихсэн байхад хангалттай. Ямар шийдвэр гарах нь хамаарахгүй. Зөвшөөрсөн байна уу, татгалзсан байна уу. Тэр бол асуудал биш.

-МАН-ын зүгээс асуудалд ингэж хандаад байгаа нь хэргээр “бойкотолж” байна гэж үзэж болох уу?

-УИХ-ын чуулганыг хууль бусаар ийн бойкотолж байгаа нь өөрөө МАН-ынхны хувьд Монгол төрийн үйл ажиллагааг анхнаас нь улстөржүүлж байна. Монгол түмний сонголтыг үл хүндэтгэсэн алхам хийж байна. 1996 онд эд нар чинь гурван сар хүртэл хугацаагаар хурал хаяж байсан түүхтэй. Ер нь бол бөхөөр тахимаа өгч чаддаггүй нам, тэр уламжлал нь одоо бас давтагдаж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж