Хүүхдийн сагсан бөмбөгийн ААШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сагсан бөмбөгийн ААШТ-д оролцоно

Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн /18 нас хүртэлх насны/ зургаа дахь удаагийн тэмцээн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 1-нд БНХАУ-ын Бээжин хотноо Цинхуа их сургуулийн салбар дунд сургуулийн спорт зааланд болно. Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнд Монгол улсын баг тамирчид анх удаагаа оролцоно. Баг тамирчдын ахлагчаар Монгол улсын хүүхдийн спортын холбооны ерөнхийлөгч,  Биеийн тамир, спортын дунд сургуулийн /БТСДС/ захирал, доктор Ч.Зоригтбаатар, ахлах дасгалжуулагчаар БТСДС-ийн сагсан бөмбөгийн багш, спортын мастер Б.Дамба, дасгалжуулагчаар ТиЭлЖи ТББ-ийн тэргүүн С.Тулга нар явна. Багийн бүрэлдэхүүнд  БТСДС-ийн сурагчид О.Дөлгөөн, Б.Билгүүн, Э.Төрбат, Г.Ариун-Оргил, Э.Өлзийбаяр нар, 44-р дунд сургуулийн сурагч Б.Сүвээдэй, “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Н.Ханбаяр, ШУТИС-ийн 1-р курсийн оюутан Э.Энхтөгс, Л.Мөнхнасан, Д.Хаш-Эрдэнэ, ДХИС-ийн 1-р курсийн оюутан М.Төмөр нар оролцохоор Спортын төв ордны “А” зааланд өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Баг тамирчид маргааш хилийн дээс алхах ажээ.

Тэмцээнд Иран, Тайланд, Энэтхэг, Шри Ланка, Макао, Малайз, Монгол, Хонгконг, БНХАУ зэрэг 10 гаруй орны хүчтэй өрсөлдөгч улсууд оролцох юм. Зохион байгуулах хорооноос баг тамирчдыг Бээжингийн спортын их сургуулийн байранд хүлээн авна. 

Энэ үеэр АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, тус холбооны 20 жилийн ойн баярын арга хэмжээ явагдана. Хурлын үеэр 2013 онд АХСХ-ноос зохион байгуулах арга хэмжээний эрхийг өгөх ба Монгол улсад АХСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, уулын кросс гүйлтийн 2 дугаар тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө. 

Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 5 дахь удаагийн тэмцээн 2009 онд Макао улсад амжилттай зохион байгуулагдаж 8 улс орон оролцсоноос БНХАУ, Тайланд, Макао улсын баг тамирчид тэргүүн байруудад шалгарч байжээ.           

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж