Амиа золиослогчийн дүрс камерт үлджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчийн дүрс камерт үлджээ

Болгарын Бургас нисэх буудалд Израйлийн жуулчдын автобусыг дэлбэлсэн амиа золиослогчийн дүрс нисэх буудлын камерт үлдсэн байжээ. Амиа золиослогч этгээд үүргэвч үүрсэн, шар үстэй цагаан арьстан байжээ. Гэмт этгээд дэлбэрэлт болохын өмнөхөн нисэх буудлын терминалаас гарч явсан нь камерын бичлэгт үлдсэн байжээ. Болгарын албаны хүмүүсийн мэдээлснээр амиа золиослогч АНУ-ын хуурамч жолооны үнэмлэхтэй, 36 настай хүн байжээ. Түүний үүргэвчнээс олдсон бичиг баримтаас харахад амиа золиослогч Туркээс Болгарт очсон байж. Бургас нисэх буудалд жуулчны автобусанд амиа золиослогч тэсрэх бөмбөг тавьснаас болж Израйлийн таван жуулчин, автобусын жолооч нас барсан юм. Израйлийн тал дээрх халдлагад Леваны Хезболлах бүлэглэлийг буруутгаж байна. Дэлбэрэлтийн улмаас амиа золиослогч өөрөө ч мөн амиа алджээ. Израйлийн тал амь үрэгдэгсдийг нутаг нь буцааж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх эмч, албаны хүмүүсийн ажлын хэсгийг Болгар руу явуулсан юм. Дэлбэрэлтийн үеэр шархадсан 30 гаруй хүнийг Израйльд аваачсан байна.

Израйлийн тал дээрх халдлага нь цөмийн эрдэмтдийг хөнөөсөн аллагын хариу дахь Ираны өшөө авалт байж болзошгүй гэж таамаглаж байгаа авч Ираны албаны хүмүүс дээрх дэлбэрэлтэд алан хядагчдын хийсэн ажил гэжээ. Болгарын Бургас нисэх буудлыг дэлбэрэлтээс хойш 24 цагийн дараа дахин нээсэн байна. Болгарт Израйлийн жуулчид олноор очиж амардаг тул Израйлийн тал жуулчдын аюулгүй байдалд анхаарахыг тус улсаас хүссэн байна. Гэвч амиа золиослогчийн ард алан хядагч бүлэглэл байсан эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж