Олимп үзэх визний хураамж 126 ам.доллар

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Олимп үзэх визний хураамж 126 ам.доллар

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн тоглолт үзэхийг дэлхий даяараа хүсч хүлээж, хэдхэн хоногийн дараа олимпоор амьсгалах гэж буй. Таван тивийн шилдэг тамирчид хуран цугласан энэхүү наадмыг үзэж баясана гэдэг юутай сайхан. Олимпийн наадам зохион байгуулж байгаа Англичууд дэлхий нийтэд юу хэлэх юм, бахархан дууриах түүхэн замналаараа яаж олон нийтийн анхаарлыг татах вэ гээд ямар сайхан ёслол бэлдсэнийг харна гэдэг мөн л гайхамшиг.

Түүнчлэн “Би Англид олимп үзсэн шүү” гэж хэдэн жилдээ л бахархан ярих тэр дурсамжийг үзэгчдэд үлдээнэ гэдгийг амлаж байгаа гэсэн. Анхнаасаа л хүлээлт, бас найдлагыг төрүүлж байсан энэ удаагийн олимпийн тасалбар ч ер бусын байх аж. Цагийн зөрүүгүй ойрхон оршдог гэдгээр Бээжингийн олимпийг олон хүн очиж үзсэн.

Харин Улаанбаатараас арван мянган км зайтай дээр нь цагийн зөрүүтэй Лондонгийн олимпийг үзэх хүн тийм олон биш байх. Гэхдээ тамирчдаа дэмжих гэсэн хүсэл тэмүүлэлтэй монгол түмний минь сэтгэл хаачихав дээ. МҮОХ, БТСГ-ын удирдлагууд, холбоодын удирдлагуудаас гадна гадаад харилцааны ажилтнууд, багш дасгалжуулагчид, гэрэл зурагчин, 19 сэтгүүлч гээд албаны нэлээд хүн Лондонг зорих нь.

"Нью жуулчин турс" компани Олимпийн Боксын Холбоотой байнгын харилцаа холбоотой ажилладаг. Энэ компанийн шугамаар одоогийн байдлаар 210 хүн олимпийн тосгонд буухаар болжээ.

Тэр тусмаа ах дүүс, найз нөхдөөрөө хамтдав тухлан баг тамирчдаа хөгжөөн дэмжинэ гэдэг бүр ч аз завшаан. Үүний нэгэн жишээ Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс гэхэд л 60 гаруй ажилчин албан хаагчид үзэх ажээ. Мөн MCS компани, Хаан банкны азтанууд үзэх юм байна. Зарим тамирчдын аав, ээжээс гадна урлаг соёлын алдартнуудын аав ээж мөн олимп үзэх ажээ. Мэдээж томоохон компанийн захирлууд явж л таарна.

Энэ мэтээр нэлээд хүн Лондонд очиж тамирчдынхаа дээлийн захыг мушгихаар болоод байна. Монголын үзэгчдийн эхний групп долдугаар сарын 26-нд явна. Гэхдээ аливаа зүйл гээндээ ч гоондоо ч гэдэг шиг шүүмжилмээр нэг зүйл байдаг юм аа. Олимп гэхээр л хөл хөөрцөг болон Биеийн тамир, спортын байгууллагуудаас явах зочид ихэнх хувийг эзэлдэг. Арга ч үгүй биз. Тэдний халааснаас нэг ч төгрөг гарахгүй юм чинь.

Гэхдээ олимп үзэх хувьтай хүмүүстэй барьцалдаж байгаа юм биш л дээ. Хэдийгээр ажил ч гэлээ нэмэр багатай албаны гэх тодотголтой олон хүн явж үргүй зардал гаргахыг багасгахад илүүдэхгүй болов уу. Мэдээж тамирчдадаа урам өгч хөгжөөн дэмжигчид олон байх тусмаа сайхан л даа. Гэвч манай улсын хармай хэр зузаан билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Наад зах нь тамирчдынхаа гар, хөлийн массаж хийгээд хэдэн үг зөвлөчих дайны хүн явмаар байна ш дээ. Албаны нэг хүний зардал буудал байр, хоол гээд нийтдээ хоёр саяас гурван сая 700 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Харин бусад олимп үзэх зочдын виз гурван долоо хоногийн дотор гарч байна. Олимп үзэн зочлох нэг визний хураамж 126 ам доллар. Дээр нь буудал, хоол дэлгүүр хэсэх гээд өртөг өндөртэй Лондонд багаар бодоход найман сая төгрөг зарцуулагдах бололтой. Эхний долоо хоногт жүдо, хоёр дахь долоо хоногт чөлөөт бөх гэх мэтээр суудлын зэрэглэл, үзвэрийн цаг өөр учраас үнэ нь ч мөн ялгаатай.

Лондонгийн олимпийг багаар бодоход 8 сая төгрөгөөр үзэх юм. Улаанбаатар-Сөүл, Сөүл-Лондон чиглэлээр хоёр дамжиж очно. Үзэгчид хотын төвд 3-4 өрөөтэй зочид буудалд байрлан тав,зургаан минут яваад л олимпийнхоо тосгонд очих аж. Тасалбар захиалга зургаан сараас эхлэн олгогдож байгаа бөгөөд одоо 25 хувьтай явж байна. Энэ удаагийн олимпод Монгол Улсаа төлөөлж манай 29 тамирчин дээр нь паралимпийн зургаан тамирчин гээд нийтдээ 35 тамирчин олимпод оролцоно. Тэднийг танилцуулъя.


МУГТ Б.Сэр-Од (хөнгөн атлетик, марафон)

"Хүч" спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. 2010 онд Японд болсон Хофү, Их Британийн Брайтоны марафонд түрүүлж, Берлинд X бай-ранд орсон. 2011 онд Японы Хофү марафонд түрүүлж, Лондонгийн марафонд есдүгээр байр эзэлжээ. Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон.

МУГТ Л.Отгонбаяр (хөнгөн атлетик, марафон)

Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бээжин хотод болсон "Good luck" олон улсын "А" зэрэглэлийн марафонд Монголын дээд амжилтыг тогтоосон. 2004 оны Афины олимпод цагаан хуудсаар оролцсон төдийгүй "Парис-1999", "Осака-2007", "Берлин-2009" зэрэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан чамгүй туршлагатай тамирчин юм.

ОУХМ Ж.Гантөгс (байт харваа)

1987 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Тэрээр өдгөө "Нийслэл Өргөө" клубт харьяалагддаг. Өнгөрсөн жил Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчнаас есдүгээр байранд шалгарч олимпод оролцох эрхээ авсан.

ОУХМ Б.Урантунгалаг (байт харваа)
Тэрээр Ираны Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан. Ираны нийслэл Тегеран хотноо болсон ААШТ-ий багийн төрөлд мөнгө, олимпийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн амжилтаараа дэлхийд чансаагаараа 25 дугаарт бичигдээд байгаа.

А.Тамир (усан спорт)
Тэрээр "Шанхай-2011" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын "FINA table point" жагсаалтад 542 оноо авснаар Лондонгийн олимпийг зорих эрхтэй болоод байна. А.Тамирын хувьд эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих ажээ.

Спортын дэд мастер Г.Оюунгэрэл (усан спорт)

"Хангарьд" спорт клубийн тамирчин, усан спортын дэд мастер тэрээр мөн л Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос өгсөн цагаан хуудсаар энэ удаагийн олимпод оролцох эрхтэй болжээ.

Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба (бокс 49 кг)

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан төдийгүй дэлхийн аваргаас хошой медаль зүүсэн Монголын анхны боксчин болсон юм.

МУГТ У.Мөнх-Эрдэнэ (бокс 64 кг)
AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос ширэн бээлийтнүүдийн дэлхийн чансааг шинэчлэхэд тэрээр хоёрдугаар байрт шалгарсан. Мөн дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин юм.

МУГТ Н.Төгсцогт (бокс 52 кг)
17-хон насандаа гавьяат болж байсан тэрээр олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнд Пакистаны боксчин Мухаммед Вассимйиг 22:9-өөр ялснаар олимпод оролцох эрхээ авсан.

Б.Түвшинбат (бокс 69 кг)
Оюутны дэлхийн аварга тэрээр ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин юм. Мөн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Узбекстаны тамирчин Машхурбек Рузиевыг ялж алтан медаль хүртэхийн зэрэгцээ "Шилдэг боксчин"-ы тусгай шагналын эзэн болсон билээ. Харин олимпийн эрхээ Казахстаны нийслэл Астана хотод болсон тэмцээнээс авсан юм.

Д.Отгонцэцэг (чөлөөт бөх, эм 48 кг)

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2010 онд хүрэл медаль авсан тэрээр 2011 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2009 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

С.Бямбасүрэн (чөлөөт бөх, эм 55 кг)
Чөлөөт бөхийн 55 кг-ын жинд олимпод зодоглоно.

МУГТ С.Батцэцэг (чөлөөт бөх, эм 63 кг)

Дэлхийн аварга хэмээх эрхэм цол авчирсан тэрээр "Хилчин" спорт клубийн тамирчин. Тэрээр өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга болж байснаас гадна 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

МУГТ О.Бурмаа (чөлөөт бөх, эм 72 кг)

"Хилчин" спорт хорооны бөх, Монгол Улсын гавьяат тамирчин тэрээр БНХАУ-ын Танюанань хотод болсон олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сонгон шалгаруулах гурав дахь шатны тэмцээнд түрүүлж олимпийн эрх авсан.

МУГТ Б.Наранбаатар (чөлөөт бөх, эр 55 кг)

Тэрээр өөрийн гэсэн "Олимпийн танхим"-тай.

П.Өнөрбат (чөлөөт бөх, эр 74 кг)

Хятад улсын Таюунь хотод болсон чөлөөт бөхийн тэмцээнд тэрээр амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр олимпийн эрхээ гардаж аваад байгаа.

О.Үйтүмэн (чөлөөт бөх, эр 84 кг)

Финляндын Хельсинк хотод зохиогдсон "Лондон-2012" олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шал-гаруулах тэмцээнээс тэрээр МУГТ Б.Наранбаатарын хамт олимпийн эрхээ аваад байна.

Спортын мастер Ж.Чулуунбат (чөлөөт бөх, эр 120 кг)

Туркийн Стамбул хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр олимпийн эрхээ авсан юм.

ОУХМ Д.Төмөрхүлэг (жүдо, эр 60 кг)

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний аварга болсноор энэ онд хоёр дахь "Дэлхийн цом"-доо түрүүлсэн билээ. Тэрээр өмнө нь Австрийн Вена хотноо болсон "Дэлхийн цом"-д түрүүлж байсан юм.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (жүдо, эр 66 кг)

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил юм. Тэрбээр жүдо бөхийн үндэсний шигшээ багт харьяалагдан, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

М.Уранцэцэг (жүдо, эм 48 кг)

Жүдо бөхийн 48 кг-ийн жинд олимпод зодоглоно.

МУГТ М.Бундмаа (жүдо, эм 52 кг)

Тэрээр ЦЕГ-ын "Хүч" спортын хорооны тамирчин. Самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр өнгөрсөн онд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнээс алтан медаль, Азербайжаны Баку хотноо зохиогдсон. "Дэлхийн мастерууд"-ын тэмцээнээс хүрэл медаль, Хятад улсын Гуанжоу хотноо зохиогдсон Азийн 16 дахь наадамд мөнгөн медаль хүртсэн.

Д.Сумъяа (жүдо, эм 57 кг)

"Хилчин" спорт хорооны тамирчин тэрээр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-hooc тивүүдийн эрхийн дүрмийн дагуу чансаагаараа 14 дүгээрт жагссан учраас Лондонгийн олимпод оролцохоор болжээ.

ОУХМ Ц.Мөнхзаяа (жүдо, эм 63 кг)
Тэрээр жүдо бөхийн 63 кг-ын жинд олимпод зодоглох юм.

ОУХМ П.Лхамдэгд (жүдо, эм 78 кг)

Олимпийн өмнөх жилийг гайхалтай амжилтаар эхлүүлж, "Дэлхийн цом", “Гран-при” гээд Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн. Тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн юм. Ингэснээр энэ удаагийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа (буудлага, эм гар буу)

Ялалтын дуудлагатай тамирчин гэдгээрээ онцлогддог тэрээр буудлагын спортын "Гран при" тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр олимпод орох эрхээ өвөртөлжээ.

Н.Баяраа (буудлага, эр урт буу)
Катарын нийслэл Доха хотноо болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрээр олимпод оролцох эрхээ аваад байна.

Д.Нэргүй

Зохиогчийн эрх: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж