Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал дахин хойшиллоо. Өмнө нь долдугаар сарын 3-нд болох байсан ч улсын яллагч Ц.Насанбатыг сольсон гэх үндэслэлээр хойшилж байсан шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Гэтэл шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг гадаадад ажлаар явсан тул ийн хойшлуулах үндэслэл болжээ. Улмаар Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг наймдугаар сарын 9-нд шүүхээр тов гаргасан байна. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН