Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр болжээ. Дан амьд хөгжимтэй дуулах тэдний тоглолтод “A-Sound” хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар хамтран тоглох гэнэ. Харин бөмбөрчнөө хараахан сонгож амжаагүй ажээ.
Сонирхуулахад, тус хамтлагийн шинэ цомог болон 15 жилийн ойн тоглолтын хөгжмийн найруулгыг гитарчин Өөжгий хариуцаж байгаа юм. Тэдний шинэ цомог тоглолтын өмнөхөн фенүүдийнх нь гарт очих гэнэ. Цомгийнхоо зургаа дахь дууг саяхан бичүүлж дуусгаснаар шинэ цомог гаргах нүсэр ажлын хагасыг нь нугасалжээ. Тэрхүү дуу нь “Ностальже” буюу “Дурсамж” хэмээх киноны дуу бөгөөд тун удахгүй клипний зураг авалт эхлэх гэнэ.
“Номин талст” энэ намар тэсрэлт хийх нь ээ.
Г.ДАША