Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг зээлд ердөө 270 гаруй иргэн хамрагджээ. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгогдох зээлийн эрсдлийг гэрээний дагуу банкууд өөрсдөө хариуцаж байгаа учраас нэлээд чанга нөхцөл тавьж байгаа билээ. Тийм ч учраас зээлийн шаардлагыг хангаж, зээлд хамрагдсан иргэдийн тоо бага байгааг Төрийн банкны зүгээс хэлжээ.
Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга албан тушаалаа өгснөөр тус банкнаас ирэх байсан үлдэгдэл эх үүсвэр хэзээ шийдэгдэх нь эргэлзээтэй байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдсэн байгаа.
Өнгөрсөн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийг Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулай банкуудад хуваарилсан гэнэ. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Тиймээс цаашид "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зээл хэвийн үргэлжлэх эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад, Засгийн газрын тогтоолын дагуу иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой. Ингэхдээ өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц худалдан авч байгаагүй байх, банкнаас тавьж буй цалингийн доод хэмжээний шаардлагыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой билээ.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин