Сирийн хөрш Ливанд ажиллаж буй гадаадын сурвалжлагчдын бичсэнээр Дамаскад асар их хохирол авчирсан дэлбэрэлт Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг ганхуулж эхэлсэн тул босогчид энэ боломжийг алдахгүйг хичээж байгаа аж. Сирийн хилийн постууд руу босогчид дайрах үед 20 гаруй цэрэг амиа алдсан гэж “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмждэг Иракийн Засгийн газар хилээ хаана хэмээн мэдэгдэж, эхнээсээ Абу Камал зэрэг боомтоо хаасан байна. Сирийн зэвсэгт хүчний эсрэг босогчдын “Дамаскийн галт уул” хэмээх ажиллагаа сүүлийн дөрөв хоногт ид ширүүсч байгаагаас хотын оршин суугчид гэрээсээ гарахаас ч айж байгаа аж. Учир нь өнгөрсөн лхагва гаригт Сирийн нийслэл Дамаск хотод болсон бөмбөгдөлтөөр Батлан хамгаалахын сайд, дэд сайд болон Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Аюулгүй байдлын зөвлөх амиа алдсан. Бөмбөгдөлтийн үеэр Батлан хамгаалахын сайдууд аюулгүй байдлын асуудлаар хуралдаж байжээ. Босогчид өнгөрсөн мягмар гаригаас эхлэн Дамаск хот руу танк, зэвсэг ачсан машинууд оруулж эхэлсэн байна. Лондон дахь Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр нийслэл хотод мягмар гаригт босогчид дайрах үед 250 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн номхон хүмүүс байжээ.
Сирийн улс төрийн дотоодын хямрал улам хурцдаж, босогчид болон цэргүүдийн хооронд мөргөлдөөн ширүүсч буй авч дипломатчид үүсээд буй хурцадмал байдлыг эвээр шийдэхэхдээ хөшүүн хойрго хэвээр байна. Учир юунд байна вэ гэвэл АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн эрх баригчдын эсрэг хоригоо чангатгаж, Башар аль-Ассадыг Ливийн хурандаа Муаммар Каддафийн адил унагахаар хэлэлцэж буйг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүн орон ОХУ, Хятад эсэргүүцэж байгаа билээ. Сирийн хувьд Хятад гадаад худалдааны хамгийн том түнш бол, зэвсгийн хамгийн том нийлүүлэгч нь ОХУ юм.
Их Британийн Элчин сайд Сирийн эсрэг арга хэмжээ авахыг эсэргүүцэж буй хоёр орныг Башар аль-Ассадын дэглэмийг хамгааллаа гэж буруутгасан бол АНУ-ын Элчин сайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, Хятадаас болж хамгийн чухал үүргээ биелүүлж чадахгүйд хүрлээ гэжээ. НҮБ Сирийн сөргөлдөгч талуудыг гал зогсоож, улс төрийн хэлэлцээрт хүрэхэд зуучлах зорилгоор 300 ажиглагчийг Дамаск руу илгээхээр ярьж байгаа боловч Их Британи Сирид галаа зогсоож, босогчид болон эрх баригчдыг хэлэлцээрийн ширээний ард суухад 30 хоногийн хугацаа өгөхийг санал болгоод байна.