"Боловсрол" суваг телевизийн дэлгэцээр үдэш бүр үзэгчдийн хүртээл болж буй “Камертон 2” шоу шат ахих тусам залуусыг догдлуулан соронзон мэт татаж, дэлгэцний өмнө уях болсон билээ. "B Production", "Боловсрол" суваг телевиз, “Камертон” хамтлаг хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн үзэгчид, хөгжим сонирхогчдыг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн төвшинд оршин тогтнох авьяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор "Камертон-2" шоу төслийг санаачлан хэрэгжүүлж буй билээ. 15-25 насны 760 гаруй залуус хамрагдсан уг шоуны эхний дөрвөн шатнаас шалгарсан шилдэг 16 оролцогч сүүлийн даваа буюу тавдугаар шатанд тунан үлджээ. Шоуны эхний шатанд оролцогч залуус амьдаар дуулан өөрийгөө илэрхийлж, “Камертон 2”-т нэвтрэх эрхээ авч байсан бол хоёрдугаар шатанд хаан хууртай хослон 1960-1990-ээд оны “хит” дуунуудыг өөрийн хэмнэлээр толилуулан өрсөлдсөн. Харин гуравдугаар шатанд багаар ажиллах чадвараа үзүүлэхээр оролцогчид дөрвөн багт хуваагдан “мини тоглолт”-ыг дэглэн тавьсан бол дөрөвдүгээр шатанд “Камертон” хамтлагийн дуучдын бие даасан уран бүтээлээс сугалан өөрийнхөөрөө дуулан өрсөлдсөн. Шат ахих тусам чангарах оролцогчдоос шилдэг 16 хэдийнэ тодорчээ.
"Камертон-2" шоуны зохион байгуулагчид, шүүгчид болох "Камертон" хамтлагийнхан өчигдөр шилдэг 16 оролцогчдыг хэвлэлийнхэнд танилцуулж, шоу цаашид хэрхэн өрнөх талаар мэдээлэл хийлээ.
Шилдэг 16 оролцогч залуу сүүлийн шатанд "Камертон" хамтлагийн дөрвөн гишүүний удирдлага дор дөрвөн багт хуваагдаж, жинхэнэ мэргэжлийн хамтлагийн төвшинд бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр "Камертон" хамтлагийн гишүүд тус тусын удирдаж буй “хамтлаг”-аа танилцуулсан. Төслийн багийнхан шилдэг 16 оролцогчтой хоёр сарын хугацаанд ажиллах албан ёсны гэрээ хийжээ. Гэрээний дагуу оролцогчид цалинтай ажиллах ба үлдсэн хугацаанд бүх анхаарлаа зөвхөн шоунд хандуулж, дууны бэлтгэл, сургуулилтаа өндөр төвшинд хангах зорилт тавьжээ. Тиймээс "Камертон-2" шоу нэвтрүүлэг реалити хэлбэрээр “Боловсрол” суваг телевизээр үзэгчдэд хүрэх нь ээ.
Сонирхуулахад, Монголын орчин цагийн залуусын өнгө төрхийг илтгэх хэмжээний шилдэг “boyband” болох зорилготой 16 оролцогч нэг байранд амьдран хөгжмийн бэлтгэл хийж, хамтлаг тус бүр "Камертон" хамтлагийн дуунуудыг шинээр амьдруулах юм байна. Мөн оролцогчдын бие бялдрын хөгжил, гадаад дүр төрх, гоо сайхан, хувцаслалт гээд бүхий л талаас нь анхаарал хандуулан ажиллах аж. Энэ хугацаанд дөрвөн багт хуваагдсан шилдэг 16 оролцогч видео клипний зураг авалтад орох юм.
"Камертон-2" шоуны шилдгүүд урлагийн тайзнаа хөл тавих анхны гараа болох “гала” тоглолтыг ирэх есдүгээр сарын сүүлчээр Соёлын төв өргөөнөө зохион байгуулснаар шоуны шилдэг хамтлаг тодрох нь ээ. Уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "On and Off" продакшн ажиллана.
Ийнхүү тун удахгүй шинэ, залуу “Камертон-2” хамтлаг Монголын рок, поп урлагт бүл нэмэн мэндлэх нь ээ.