Жилд дунджаар төрийн албан хаагчийн хүүхэд болох 16 мянган оюутан Сургалтын сангийн энэхүү тэтгэлэгт хамрагддаг байна. Харин цаашдаа Засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг оюутнуудад олгох юм.
-Үндэсний болон урамшууллын тэтгэлэг гэж юу вэ?
-Засгийн газрын 19 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд суралцаж буй өдрийн ангийн оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор болсон. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний 50 хувиас доошгүй буюу 70 мянган төгрөг юм. Үүнийг Монгол Улсын аттестатчлагдсан дээд боловсрол олгодог их, дээд сургуульд суралцдаг өдрийн ангийн бүх оюутанд олгоно. Ингэхдээ нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш авна. Энэхүү үндэсний тэтгэлгийг их, дээд сургуульд хандивын шугамаар орсон оюутнуудад олгохгүй.
Харин урамшууллын тэтгэлгийг олгохдоо 3,2-оос дээш голчтой өдрийн ангийн суралцагсдад үндэсний тэтгэлгийн 50 хувь, голч дүн 3.6 болон түүнээс дээш бол 75 хувийн нэмэгдэлтэйгээр олгоно. Өөрөөр хэлбэл, сурлагын амжилтаас хамаарахгүйгээр 70 мянган төгрөг авна, мөн голчийнхоо дүнгээс хамаарч 35100, эсвэл 52650 төгрөг авах ажээ. Гадаад, дотоодын олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг мөн урамшуулахаар болсон. Тодруулбал, дээрх олимпиадад эхний гурван байрт шалгарсан шинээр элсэгч оюутанд үндэсний тэтгэлгийн 100 хувь, магадлан итгэмжлэгдсэн хос хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагч болон, эрэлт ихтэй мэргэжлээр өгсөн ЭЕШ-ын оноо нь 720-оос дээш шинээр элсэгчдэд гурав болон түүнээс дээш голч дүнтэй бол тус тус 50 хувийн тэтгэлэг олгох юм байна. Харин эдгээр урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй гэнэ.
-Сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
Сургалтын төлбөрийн зээлийг и,х дээд сургуульд 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцагч, ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, амьжиргааны түвшин доогуур хагас өнчин, малчин өрхийн, гэрээт цэргийн албыг хоёроос доошгүй жил хаасан суралцагчид олгодог байна.
Бүрдүүлэх материалын тухайд, зээл авах тухай өргөдөл, эцэг эх, асран хамгаалагчийн, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Боловсролын үнэлгээний төвийн батламж, их, дээд сургуульд элссэнийг батлах бичиг, үргэлжлүүлэн сурч буй дүнгийн тодорхойлолт, амжиргааны төвшин доогуур, цэргийн алба хаасан нь үнэн болохыг нотлох баримтыг бүрдүүлэх ажээ. Эдгээр бичиг баримтаа жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор их, дээд сургуулийнхаа захиргаанд өгөх юм. Энэхүү зээлийг таван жилийн дотор эргүүлэн төлөх бөгөөд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан болон нас барсан бол сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөгдөх тухай албаныхан мэдээлж байна.