Аятолла нарыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Болгарын амралтын бүсийн Бургас хотын нисэх буудалд өнгөрсөн лхагва гаригийн орой Израилийн иргэдийн эсрэг аллага хийв. Автобус дэлбэрэх үеэр зургаан хүн алагдаж, 30 орчим хүн хүнд, хөнгөн бэртжээ. Аллагын дараа нисэх буудал хаагдан онгоцнуудыг Варна хотын буудалд хүлээн авч байлаа. Тель-Авивт энэ аллагын буруутанг нэрлэн террорыг зүгээр өнгөрөөхгүй гэж амлав.

Өнгөрсөн лхагва гаригийн орой Бургас хотын нисэх буудалд Израилийн жуулчдын автобусыг дэлбэлэв. Амь үрэгдэгсэд ба хэлмэгдэгсдийн тоог тодруулж байна. Сүүлийн мэдээгээр зургаан хүн амь үрэгдсэн нь тодорхой болов. Нийтдээ гучаад хүн хүнд, хөнгөн бэртсэн гэж Reuters агентлаг мэдээлэв. Болгарын БГНЕС агентлаг таван хүн үрэгдсэн гэж мэдээлжээ. Израилийн  Haaretz сонины мэдээгээр долоон хүн амиа алдсан гэнэ. Орон нутгийн цагдаагийн албаны мэдээнд дэлбэрэлтэд хажууд нь байсан автобуснууд нэрвэгдсэн учраас хэлмэгдэгсдийн тоог тодруулж буй ажээ.

Израилийн Гадаад хэргийн яаманд шуурхай ажиллагааны штаб байгуулсан бөгөөд Гадаад хэргийн сайд Авигдор Либерман утсаар хэргийн газар очсон Болгарын Гадаад хэргийн  сайд Николай Младеновтай холбоо барин ажиллаж байгаа гэнэ. Израилийн дипломатууд Болгарын засаг захиргаатай ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна. Тусгай албад ч хамтраад эхэлсэн байгаа ажээ.

“Израилийн иргэд Бургас хотын нисэх буудалд хүрэлцэн ирээд буудалд очихоор автобусанд суусны дараа дэлбэрэлт болжээ. Яг одоогоор хичнээн ямар хохиролтойг хэлж чадахгүй, мэдээлэлийг тодруулах ажил хийгдэж байгаа” хэмээн Израилийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Илан Штейн эхний мэдээлэлдээ хэлэв. Гэрч нарын яриагаар тэсрэх төхөөрөмжийг амиа золиослогч дэлбэлсэн байж магадгүй гэнэ. Өөр нэг мэдээгээр бөмбөгийг автобусны ачааны хэсэгт тавьсан байсан аж. Израиль тусгай албаны мэргэжилтнүүд ба эмч нараа Бургас хотод илгээсэн байна.

Болгарын Дотоод хэргийн яам болсон хэрэг явдлыг террор гэж мэдэгджээ. Израилийн гэрч дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн гэж мэдэгдэв. Болгарын цагдаагийн алба хэргийн шалтгааныг нэрлээгүй ба мөрдөн байцаалт явуулж байна. Харин Израилийн албан тушаалтнууд гэмт хэргийн хариуцлагыг хүлээх хүмүүсийг шууд нэрлэв. Ерөнхий сайд Биньямин Нетаньягу дэлбэрэлтийн буруутнаар Ираныг нэрлээд энэ хэргийг зүгээр өнгөрөөхгүй хэмээн амлажээ. “Ираны террорын ажиллагаа. Сүүлийн хэдэн сарын дотор бид израильчуудад халдах гэсэн Ираны оролдлогыг Тайланд, Энэтхэг, Кени, Кипр зэрэг орнуудад ажигласан. Израиль террорын хариуг барина” гэж ерөнхий сайдын Тамгын газраас лхагва гаригийн орой тараасан Нетаньягугийн мэдэгдэлд өгүүлсэн байлаа.

Израилийн Батлан хамгаалхын сайд Эхуд Барак ч мөн адил уг хэрэгт Ираныг болон шиитийн хэт даврагч “Хезболлах” хөдөлгөөнийг буруутгажээ.

Reuters агентлаг тэмдэглэснээр, израиль жуулчдын амрах дуртай газар болсон Болгарт хэт даврагч исламчууд Туркийн нутаг дэвсгээр нэвтрэн ороод аллага үйлдэх магадлалтай байгааг Израилийн эрх баригчид өмнө нь Болгарын талд сануулж байжээ.

Израилийн Террорын эсрэг товчооны тэргүүн байсан чөлөөний генерал Ницан Нуриэль энэ хэргийг Ливид Ираны маягийн улс байгуулахын төлөө байгаа “Хезболлах” хөдөлгөөний исламистууд үйлдсэн. Иран Болгарын мусульманууд эсвэл турк иргэдийг энэ хэрэгт ашиласан байж магадгүй гэв.

Сануулахад, Тайландад израиль жуулчдад халдах гэсэн оролдлогын дараа Ираны хоёр иргэн баривчлагдсан байгаа. Израилийн байгууламжуудад халдсан хэргээр одоо Кенид “Хезболлах” хөдөлгөөний дайчдыг шүүж байна. Аргентины Буэнос-Айрес хотын еврейн төвийг 2006 онд дэлбэлэн 85 хүнийг хөнөөсөн хэрэгт Иран ба “Хезболлах” хөдөлгөөнийхөн буруутнаар нэрлэгдсэн юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Киприйн эрх баригчид израиль жуулчдад халдах гэж байсан “Хезболлах” хөдөлгөөний  оролдлогыг таслан зогсоосон байлаа.

Гэхдээ, “Хезболлах” хөдөлгөөн жуулчдын эсрэг үйл ажиллагаа явуулдаггүй хэмээн мэдэгдээд Израилийн мэдэгдлийг үгүйсгэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж