-БНСУ- д хэдэн жил ажилласан бэ?
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр зургаан жил ажиллаад ирсэн. Ирээд нэг их удаагүй байна. Би анх очихдоо эмэгтэй хүний дотуур хувцасны үйлдвэрт ажилласан. Дараа нь хэвлэх үйлдвэрт, сүүлд дүпүний үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн. Хөдөлмөрийн гэрээгээр очсон хүн ямар нэгэн шалтгаанаар ажлаа солихыг хүсвэл нийт дөрвөн үйлдвэрийг л сольж болдог. Тухайн хүн “Энэ үйлдвэр надад хангалттай цалин өгөхгүй байна, энэ үйлдвэрт би ажиллаж чадахгүй юм байна, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байна, ажиллах нөхцөл хүнд байна” гээд гарч болно. Гэхдээ 15 үйлдвэрт ээлжлэн ажилласан гэсэн нэг залуу байсан. Эзэд нь нааш цааш нь дуудаад хууль бусаар ажиллуулаад байсан гэсэн. Ингээд тогтворгүй ажилласаар байгаад бие нь муудсан гэнэ лээ. Миний хувьд нөхөртэйгээ хамт ажиллаж байгаад ирсэн. Бид ажиллах хугацаандаа нэг хүүхэдтэй болсон.
-Тэнд амаржсан уу?
-Намайг жирэмсэн болсоныг мэдээд манай үйлдвэрийн дарга эмнэлэгт дагуулан явж эмчид үзүүлсэн. Бүр сайн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн. Гэтэл эмч нь “Та 2-ын анхны хүүхэд учир хүүхэд өсгөх анхны мэдэгдэхүүн байхгүй нь мэдээж. Тиймээс нутаг усандаа очиж, ээжийнхээ хажууд очиж төрсөн нь дээр” гэж зөвлөсөн. Би бас хүндрэлттэй төрөх байсан тул гэртээ ирэхээр шийдсэн. Тэгээд хүүгээ зургаан сар хүртэл харж байгаад буцаад явсан.
-Манайхан Солонгост ажиллаад биегүй боллоо гээд байдаг. Дунджаар хэдэн цаг ажилладаг вэ?
-Тийм зүйл байхгүй ээ. Ажлын найман цагаар ажилладаг. Өглөөний 08.00-17.00 цаг хүртэл л ажиллана. Хэрэв илүү цагаар ажиллавал нэмэгдэл мөнгө авдаг. Тодруулбал, илүү цагийн мөнгийг ердийнхөөс 1.5 дахин ихээр тооцдог. Хэрэв ягаан буюу шөнийн ээлжинд гарвал хоёр дахин илүү цалин өгдөг. Мөн улаан буюу амралтын өдөр ажиллавал хоёр дахин их цалин өгнө.
-Дундаж цалин хэдэн төгрөг вэ?
-Бид гэрээгээр явсан учраас байр, өдрийн гурван хоол үнэгүй байсан. Үүнээс гадна үндсэн цалин нэг сая далан мянган төгрөг юм билээ. Илүү цагаар, сайн ажиллавал дунджаар сард хоёр сая төгрөгийн цалин авдаг. Бас урамшуулал, нэмэгдэл гээд авна. Мөн жилдээ нэг удаа үнэгүй эмчийн үзлэгт хамрагдаж, бүх төрлийн шинжилгээ өгдөг.
-БНСУ-д ажиллах хугацаандаа даатгал төлдөг үү?
-Эрүүл мэндийн даатгалын төлбөр гэж сард 17 мянган төгрөг төлдөг. Гэхдээ өвдвөл ямар ч төлбөргүйгээр эмчилдэг. Манай улсад бол даатгал төлсөн ч гэсэн мөнгө нэхдэг. Харин БНСУ-д ямар ч мөнгө нэхдэггүй. Мөн Нийгмийн даатгалын мөнгө гэж Монгол Улсын Нийгмийн даатгалын санд сардаа 40-өөд мянган төгрөг ордог. Өөрөөр орлогын ч юм уу, ямар нэгэн татвар төлөхгүй.
-Нууц биш бол хэдэн төгрөг хурааж чадсан бэ?
-Ирэнгүүт бид хоёр сайхан хашаа худалдаж аваад хоёр давхар хаус бариулсан. Сайхан л амьдарч байна. Тэнд байх хугацаандаа Монголд байгаа ар гэрийнхэндээ туслаж, дэмжиж байлаа. Ах дүүгээ заримыг нь БНСУ-руу татаж авлаа. Надад одоо ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлэхэд хүрэлцэх мөнгө, түлхэх хүч хэрэгтэй байна. Тиймээс буцаж явах гэж байгаа.
-Та хоёр зургаан жилийн турш муухайгаар хэлэхэд мөнгөний төлөө ажиллаа. Багагүй ч мөнгө олж. Илүү ихийг олохоор эргээд явах гэж байгаа хэрэг үү?
-Заавал явах хэрэггүй л дээ. Гэтэл Монгол Улсад амьдрах орчин нөхцөл нь тааруу, ажлын байр байхгүй, цалин багатай, хүн бүр нь стресстэй гээд л тоочвол шалтаг их л байна. Жишээлбэл, би ирсэнийхээ дараахан бөөр өвдөөд, эмнэлэгт үзүүллээ. Гэтэл тэр эмч мэссэнжерт хүмүүстэй буу халангаа надад үзлэг хийж, эмийн жор бичиж өгсөн. Нэг удаа л бөөрийг минь тэмтэрч үзсэн болохоос миний нүүр рүү нэг ч удаа хараагүй. Гэтэл Солонгост бол байдал эсрэгээрээ. Бүх зүйлийг нарийн үзнэ, сайн тайлбарлаж өгнө. Хэрэв хэл ойлголцохгүй бол зурагт хуудас, үзүүлэн гаргаж ирээд маш сайн тайлбарладаг.
-Хүүхдээ авч явах уу?
-Хүмүүс хүүхдээ хаяад гадаад явж байна гээд ярьдаг. Үүнд би их эмзэглэдэг. Бид чинь хүүхдийнхээ төлөө, ирээдүйнх нь төлөө л, хуримтлалттай болгоё гэж бодоод зүтгэж байна. Манай хадам аав согтчихоод “Та нар хүүхдээ хаяад явсан биз дээ” гээд хангинаж л байсан. Гэхдээ тэд миний хүүхдийг харж чадахгүй гэсэн бол би явахгүй л байсан. Яг иймэрхүү зүйлээс болж маш олон хос салдаг.
-Ажлаа хийхийн хажуугаар хүүхдээ асарч амжих уу?
-Бололгүй яах вэ. БНСУ-ын бүх хотуудад монгол цэцэрлэг байдаг. Мөн солонгос хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт явуулсан ч болно. Цэцэрлэг нь өглөө 08.00-19.00 цаг хүртэл ажилладаг. Төлбөр нь дунджаар 300 мянган төгрөг юм билээ. Манай дүү тэнд сурч байгаа. Тиймээс цэцэрлэгт өгөөд, дүүгээрээ харуулна.
-Телевиз үзэх зав гарна биз?
-Үзэлгүй яах вэ дээ. Гэхдээ БНСУ-д гарч байгаа нэврүүлгүүдэд манай улсын муу муухайг ихэвчлэн үзүүлдэг юм билээ. Жишээ нь, алтны нинжа, гуйлгачин хүүхэд, эсвэл захын архичдын амьдрал гээд хар бараан хэсгийг түлхүү нэвтрүүлдэг. Эдгээрийг харсан хүмүүс монголчуудын талаар сөрөг ойлголттой болдог. Гэхдээ бусад орныг ч гэсэн мөн адил сайн сайхан, өндөр хөгжилтэй, ажиллаж амьдрах боломжтой гэдэг талаас нь огт гаргадаггүй. Хэрэв хөл бөмбөгийн тэмцээнд БНСУ-ын баг гоол оруулсан бол тэр тоглолтыг л давтаж гаргаад бусад тоглолтыг нь гаргахгүй байх жишээтэй. Харин хожигдсон бол мэдээний дундуур цухас дурьдаад л өнгөрдөг. Хэзээ ч өөрсдийгөө доош нь хийхийг хүсдэггүй.
-Солонгосчууд аль улсын бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэдэг вэ?
-Манай улсад гадны улсаас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байгааг хараад би их гайхсан. БНСУ-д бол өөрсдийнх нь хийсэн хүнсний бүтээгдэхүүн, эд агуурс хамгийн их үнэтэй. Худалдаачид нь “Бид энийг өөрийн орондоо хийсэн юм. Манай улсын бүтээгдэхүүн илүү тэжээлтэй, амттай” гээд л рекламдана. Хачирхалтай нь, солонгосчууд өөрийн орондоо үйлдвэрлэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг худалдаж авах дуртай. Ямар үнэтэй юм бэ гэж хэн ч бухимддаггүй. Зүгээр л авдаг. Харин гадны улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд.
-Монголын хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?
-Хааяа нэг “Монгол таун” гэдэг жижиг захаар л манай улсын бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Тэрнээс биш бараг харагдддаггүй юм. Сонирхолтой нь манай улсын иргэд тэнд хиамны үйлдвэр байгуулаад “Баялаг” гээд хиам хийдэг юм билээ. Их амттай.
-Солонгос киноноос харж байхад үхрийн мах их үнэтэй юм шиг харагддаг?
-Үхрийн мах килограмм нь 9000 төгрөг, хонины мах 5500 төгрөгний үнэтэй байсан. Манайхаас ялгаагүй байгаа биз. Харин гурван бүтэн тахиаг арван мянган төгрөгөөр авчихдаг юм.
-Тэнд монгол хоолны газар байх уу?
-Бид чинь монгол хоолоо санана шүү дээ. Монголын каргод намайг ирэхийн өмнөхөн хуушуур 1000 төгрөг, бууз нь 750 төгрөг байсан. Гэхдээ Авсрали хонины махаар хоолоо хийдэг. Амттай шүү.
-Карго, таун гэж яг ямар газрыг хэлээд байна?
-Карго гэж Монгол БНСУ-ын хооронд илгээмж явуулдаг газар. Гэхдээ тэнд Монголын үндэсний хоол хийнэ, баяр ёслол тэмдэглэнэ гээд олон л үйл ажиллагаа явуулдаг. Монгол таун гээд банк санхүү, худалдаа, үйлчилгээ төвлөрсөн газар гэж хэлж болох юм.
-Солонгос хэлийг сайн сурсан биз?
-Би чинь сурах гэж биш ажиллах гэж БНСУ-д очсон, бас зав багатай байдаг учраас тэгж сайн сурч чадаагүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд ярина аа.
-Баяр наадам, тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Бид нар тэдний баяр ёслолоор л амарч баярладаг. Тэрнээс биш манай улсад Улсын их баяр наадам болоод байна, чөлөө өгөөч, тэмдэглэнэ гэлтэй биш. Сэтгэл дотроо л их хөөрч, догдолдог. Гэвч баяр наадам болсны дараа тэр каргод монголчууд зодолдсон гэнэ ээ, тэр бааранд монголчууд муудалцаж үймүүлсэн гэх яриа тасрахгүй шүү дээ. Гэхдээ БНСУ-д ажиллаж байгаа бүх монголчуудыг хэлээгүй. Энэ нь тухайн хүний хүмүүжил, араншингаас ихээхэн шалтгаалж байгаа болов уу. Солонгосчууд монгол эрчүүдийг архинд дуртай мөртлөө пянг нь даадаггүй гэж хэлдэг. Учир нь солонгосчууд ямар нэгэн тэмдэглэлт баяр, төрсөн өдөр гээд л хүн юм хойно бидэнтэй л адил идэж ууна. Уусаныхаа маргааш яаж ч шартаж, хордлогод орж үхэх гэж байсан ажилдаа цагтаа ирж, ажлын бүтээмж нь буурдаггүй. Гэтэл манайхан шараа тайлна гээд ажлаа таслаад явчихдаг.
-Солонгос руу явах нь гэр бүл салалтыг эрс нэмэгдүүлсэн гэдэг яриа ортой юу?
-Тэнд ажиллаж байгаа эрчүүд эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уйлаад сууж байгааг би зөндөө харсан. Тэнд илүү хэдэн төгрөг олох гээд л илүү цагаар, шөнийн ээлжинд ажиллахаар утсаа унтраахыг шаарддаг. Харин энийг нь энд байгаа хүмүүс мэдэхгүй өөрсөдтэйгээ ижилхэн санаад л харддаг гэсэн. Тэгээд л гэр бүл салалт, нууц амраг, араар тавих гэсэн сөрөг үзэгдлүүд гарч ирнэ шүү дээ.
-Тэнд эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээсээ өөр хүнтэй болчихдог гэсэн үг үү?
-Биеэ үнэлэгчидтэй уулзана шүү дээ. Ансань хотод л гэхэд “Ягааны гудамж” гэж бүр биеэ үнэлэгчдийн албан ёсны гудамж байдаг. Тэр гудамжид шилэн хоргон дотор гоё будаж шунхадсан, хувцастай хүүхнүүд байдаг юм билээ. Бүх биеэ үнэлдэг хүүхнүүд нь эрүүл мэндийн үзлэгт байнга ордог, бэлгийн замын өвчингүй нь нотлогдсон байдаг гэсэн.
-Нэг удаа үйлчлүүлэхэд хэдэн төгрөгний ханштай байдаг бол?
-Миний сонссоноор биеэ үнэлэгчид нэг удаа үйлчлэхдээ 50 мянган төгрөг авдаг гэсэн. Тэндхийн биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчидддээ хэд хэдэн шаардлага тавьдаг гэсэн.
-За, ямар шаардлага тавих уу?
-Бэлгийн ажил хийхийн өмнө заавал усанд орсон байх, үнсэлцэхгүй байх, бэлхүүснээс дээш оролдохгүй байх гэх мэт.
-Дунджаар хэдэн төгрөгөөр түрээсийн байр хөлслөх үү?
-БНСУ-д хажуу өрөө түрээслэнэ гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс байраар нь хөлслөнө. Тэр байр нь ихэвчлэн дотроо 00, душтэй нэг том өрөө байдаг. Ханш нь тухайн хотоосоо шалтгаалаад янз бүр. Жишээ нь, Илсан, Ансон хотуудад нэг өрөө сарын 250-500 мянган төгрөгийн ханштай байдаг. Дээр нь гэрээний дагуу барьцааны мөнгө гэж ихэнх нь гурван сая төгрөг авдаг юм.
-Тэнд харлаад үлдсэн найзууд бий юу?
-Байлгүй яах вэ. Хэрэв тухайн ажилтан ажилдаа сайн байвал үйлдвэрийн эзэд нь гэрээний хугацаа дуусмагц нь харлаад үлдчих гээд гуйдаг гэсэн. Тэгээд ч хараар ажиллаж байгаа хүмүүс чинь ажилдаа дадсан, аргыг нь олчихсон байдаг тул илүү цалинтайг.
-Харласан хүмүүс голдуу ямар ажил хийдэг юм бол?
-Тэд ихэнхдээ гэр нүүлгэх, бараа зөөх ажлуудыг хийдэг.
-Хараар ажиллаж байгаад баригдаад ачигдах явдал олон гарна биз?
-Тухайн хүн л алдаа дутагдал, зөрчил гаргахгүй бол баригдахгүй. Гэхдээ бидний зарим нь их өөдгүй зантай. Хараар ажиллаж байгаа нутаг нэгтнээ цагдаагийн байгууллагад бариад өгчихдөг. Хэрэв баригдвал өмссөн хувцастай нь л ачна шүү дээ.