-Ард иргэдийнхээ энхийн манаанд зогсдог цагдаагийн байгууллага өдгөө 91 жилийг ардаа орхижээ. Баярыг мэндийг дэвшүүлье.
-Баярлалаа. Цагдаагийн бие бүрэлдэхүүнтэйгээ хамтран ажилладаг иргэд олон нийтдээ талархлаа дэвшүүлж байна. Мөн халуунд халж, хүйтэн хөрж, иргэдийнхээ амар тайван амьдралыг цогцлоохын төлөө ажиллаж байдаг нийт цагдаагийн алба хаагчид болон тэдний ар гэрийнхэнд түүхт ойн баярын мэндийг хорооныхоо хэсгийн байцаагчдынхаа зүгээс дэвшүүлье.
-Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны хувьд хэчнээн иргэн амьдарч, нийгмийн үйлчилгээг хэрхэн авдаг вэ?
-Манай дүүргийн хороонд нийт 20 гаруй цагдаагийн ажилтан ажиллаж байна. БЗД-ийн тавдугаар хороо нь 1961 оны зургадугаар сард Ардын их хурлын тэргүүлэгчдийн 361 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Тавдугаар хороо нь зүүн талаараа 22 дугаар хороотой дүүргийн эмнэлгийн баруун талын жалганаас эхлэн төв замын ар талыг хамран чигээрээ доошоо уруудан Жуковын хөшөөнөөс дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэртэй, чигээрээ хойшоо хоёр, 21 дүгээр хороотой залгаж, нийт 248.72 га нутаг дэвсгэрийг хамарч оршдог. Нийт 4514 өрхтэй, 17294 хүн амтай, 204 аж ахуй нэгжтэй. Жишээ нь, таван их, дээд сургууль, гурван дунд сургууль, долоон зочид буудал, хоёр ШТС гээд бусад хороодоос хөл хөдөлгөөн хамгийн ихтэй.
-Энэ хороонд хэрэг зөрчил хэр гардаг вэ?
-Нийт хэрэг зөрчлийг судалж үзэхэд, манай хороонд булаалтын болон хулгайн гэмт хэрэг их гардаг. Сүүлийн үед Маахуурын зам ашиглалтанд орсон болохоор зам тээврийн осол, гэмтэл ихсэх боллоо. Хэрэг зөрчлийн эзэн холбогдогч нь залуус байдаг. Хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд байдаг. Ихэвчлэн манай хэсэгт хаяг нь тодорхойгүй айл өрх их бий. Мөн хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг байдгаас тэнд ажилгүй хүмүүс архидан согтууруулах ундаа ихээр хэрэглэж, хэрэг зөрчил гаргадаг. Нэг ёсондоо дамжин өнгөрөх төв болчихоод байна. Тиймээс хороогоо гурван хэсгийн байцаагт хуваан хяналт, ажиглалт хийдэг.
-Олон нийтийг хэрэг зөрчлөөс сэргийлэхийн тулд ямар ажил хийдэг вэ?
-Хороондоо байрлах дунд, их, дээд сургуулиудын сурагч, оюутнуудыг, зам, гудамж, талбайд хөдөлгөөнт эргүүл болгон үе үе сайн сайн дурын үйлсэд уриалдаг юм. Мөн цэцэрлэгийн багачуудад эрүүл нийгмийн төлөө иргэн бүрийн мэдэх учиртай боловсролыг заадаг. Жишээ нь, манай хороонд байдаг архидан согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийг муу зуршлаас нь салгахын тулд нийгэмд тустай хөдөлмөр хийлгэсэн.
-Сэрэмжлүүлэг болгож иргэдэд хэрхэн зөвлөх вэ?
-Гэмт хэрэг зөрчил үүсэх нөхцлийг иргэд өөрсдөө гаргаад байгаа юм. Тэгэхээр иргэд өмч хөрөнгөндөө эзэн нь байж, үер усны аюултай газарт аль болох амьдрахгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн орон сууцны айлууд эсрдэлтэй үед гэрэл, цахилгааны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.