ОХУ-аас салах санаа хавтгайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

ОХУ-аас салах санаа хавтгайрчээ


“Орус” гэдэг нь “харийн” гэсэн үг

“Оросын хүн амыг зөвхөн Хойд Кавказад гадуурхаж байна” гэж Оросууд ярьдаг. Яагаад ч юм, энэ улс олон ястан, үндэсний бүсээс бүрэлддэг гэдгийг мартаад байдаг. Тэгвэл зарим газар нутагт байгаа оросууд Хойд Кавказын төрлүүдээсээ илүү муу байдалд байна.

Тыва улсын нийслэл Кызылд суудаг орсууд уугуул иргэдийн зүгээс дайсагнасан хандлага гардагт нь гомдоллож байна. Хүмүүсийн ярих нь хэсэг зуур харьцангуй тайван байснаа гэнэтхэн тэдэнд тааруу хандах болсон гэцгээж буй.

-Харьцангуй тайван гэдэг нь сайн гэсэн үг биш. Гудамжинд уцаартай харц, “орус” гэсэн шүд зуусан шивнээ сонсогдоно. Энэ нь хориод жил үргэлжилж байна. Зөвлөлтийн үед Кызылийн хүн амын 50 хувийг оросууд бүрдүүлж байв. Гэтэл одоо ердөө 20 хувь болжээ. Гудамжинд оросууд зайл гэсэн бичиг үе үе барьж зогсдог хэмээн газар зүйн багш байсан Кызылийн оршин суугч Анна Казакова өгүүлэв.  Ийм байдлаас үүдэн славян царайтай хүмүүс явсаар байгаа ажээ.

Тувинская АССР-т (өнөөгийн Тыва улс) 1990-ээд  оны эхээр Зөвлөлтийн хувьд анхных болох “оросуудын эсрэг дайралт” эхэлсэн юм. Тувагийн залуус хөдөө орон нутгийн орос иргэдийн гэр оронг тонон сүйтгэж эхэлсэн байна. Улсын нь газрын зурагт Хову-Аксы, Сосновка, Бай-Хаак зэрэг жинхэнэ халуун цэгүүд тэмдэглэгдэх болов. Дараа нь тэрхүү дайралт хот, сууринд нь болох болжээ. Кызылд хүртэл үндсэрхэг үзлийн ниргэлт гарч байлаа.

-Манай гэр бүл Тувагаас хоёр ч удаа явж байв. Чамайг зөвхөн орос гээд үзэн яддаг газар амьдрах боломжгүй. Манай гэр бүл тэнд бараг 50 жил амьдарсан хэмээн Красноярскийн Курагино тосгоны оршин суугч 18 настай Светлана Архипова ярив. Светлана Архипова,

-Шинэ нутагт биднийг харийнхан, тувачууд гэх нь гомдмоор. Тыва надад их таалагддаг. Тэнд их сайхан. Ер бусын ургамал, амьтадтай. Буга, тэмээг тэнд л харж болно. Боломж байсан бол төрсөн газраасаа явахгүй л байлаа. Гэтэл тэнд төрсөн айдас одоо хүртэл арилаагүй байна  гэж тэр нэмэн хэлэв. Зохиолч, блогчин Елизавета Сенчина мөн л тэнд төрж өсчээ. Тийшээ очих нь аймшигтай болсон гэж тэр хэлэв. “Боломж гарах бүрт л тэр баялаг соёлтой газар би нөхөр хүүхдүүдийн хамт очдог. Тэнд манай хамаатнууд амьдардаг. Гэхдээ Кызылын гудамжаар хувцас хунар муутай, уур уцаартай хүмүүс харагдах болсноос хойш тийшээ очихгүйг хичээж байна. Тэд бүгд хөдөө орон нутгаас ирсэн ажилгүй, өлсгөлөн хүмүүс. Тэд өөртэй нь адилгүй хүмүүст халддаг. Тэднийг хэн нэгэн турхираад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Миний нэгэн танил оройн 18 цагийн үед дэлгүүр орохоор гараад бүлэглүүлэн зодуулсан. Миний нэг танил эмэгтэй зун ч гэсэн 17 цагаас хойш гудамжинд гараад хэрэггүй , зодно, нүднэ, хүчиндэнэ гэсэн юм” гэж тэрээр хэлжээ.

Тывад жуулчид очдог уу?

Энэ нутагт зураач, хөгжимчид очих дуртай. Авъяастан ихтэй, сайхан нутаг. Гэхдээ сүүлийн үед жуулчдын урсгал хунигдаж байна. Саяхан нэгэн яруу найрагчтэй ярилцсан юм.  Тэр гэрт амьдарч, нутгийн хүмүүстэй нэлээд харьцсан  гэнэ. “Азаар бүрэн бүтэн үлдэв. Тэд түргэн ууртай хүмүүс. Тэнд ямар нэгэн  хэрэг явдал дахин гарах гээд байх шиг” хэмээн яруу найрагч ярьжээ. Энэ талаар оршин суугчид өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Кызылийн оршин суугч Ирина Портнова:

-Өчирдөр тэндээс нэгэн танил маань утасдав. Тывад хятадууд их болж буйг тэр хэллээ. Шинэчлэлийн цагаар Тувад бүгд л хүндхэн амьдарч байв.  Хүмүүст хэн нэгнийг буруутгах хэрэгтэй байлаа. Ингээд өөр үндэстнүүдэд түүнийг тохсон юм. Дөжиртөл орилоод л нүдэлцэж байлаа.

Анна Морозова:
-Үндсэрхэг үзэл мэдээж байгаа. Гэхдээ 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн шиг тийм аймшигтай хэлбэр агуулаагүй. Би өөрөө хагас орос, хагас тува хүн. Зөвлөлтийн үед засгийн тэргүүнд тувачууд, орлогчоор нь оросууд ажиллаж байв. Оросууд илүү эрх мэдэлтэй байсан л даа. Энд амьдарч байгаа орос хүмүүс өнөөдөр ч ярихдаа уугуулуудыг сүрьеэ, тэмбүүнээс аварсан гэдэг юм. Хөдөө нутагт зөвхөн эдгээр өвчнөөс ч биш ган зуд, тахлаар ихээхэн үрэгдэж байсан.

Халимагт амьдардаг орос хүмүүсийн яриагаар тэдний байдал Тывагийн оросуудынхаас нэг их ялгаагүй гэнэ.

Халимаг залуус славян үндэстнүүдэд бүлэглэн халдах нь их болсон. Тэд төмөр арматур, тугалган бороохой барин маш зэрлэгээр дайрах боллоо. Гол төлөв 17-18 насныхан хэдэн арваар бүлэглэн ганцаар яваа эсвэл хоёр гурвараа байгаа славян үндэснүүдийг дайран зодох болсон. Заримдаа шонгоор үхтэл нь зодсон байдаг хэмээн Элстэй хотын овгоо нэрлүүлэхийг хүсээгүй Зоя гэдэг эмэгтэй ярив. “Халимагууд тал нутгаасаа олноор ирэх болов. Элстэйд ирсэн тэд ажил олдохгүй учраас архидан дээрэм тонуул хийж байна. Оросууд гээд  л орос хүнийг хөнөөж байна” гэж Халимагийн нийслэлийн оршин суугч Антон Перевалов ярьж байна. Энэ талаар Төрийн думын депутат Николай Курьянов Ерөнхий прокурор, Холбооны аюулгүйн албанд асуулга хүрүүлжээ. Гэсэн ч байдал хэвээр гэж Элстэй хотынхон хэлж байна.

“Та нар хөгийн юм ярихаа боль! Би Элстэй хотын уугуул. Ийм зүйл сонсоогүй, ярих ч үгүй” гэж Халимаг улсын Засгийн газрын аппаратын олон нийтийн харилцаа ба мэдээлэлийн албаны дарга Николай Санджиев утсаар ярихад хашгаран хэлж байна.

Новосибирскийн улс төр судлаач Георгий Полянкин ярихдаа Буриад улсад байдал тийм хэмжээнд хүрээгүй ч үндсэрхэг үзэлтнүүд нь оросуудад шаардлага тавих маягтай болжээ.

-“Бурнацисты” гэдэг үгээр оросуудыг үзэн яддаг, салан тусгаарлах үзэлтэй буриадын үндсэрхэг  үзэлтнүүдийг хэлдэг ажээ. Тэд оросуудыг колончлогчид, хоморголон устгагчид, боолчлогчид гэж үздэг байна. Өнөөгийн Орос орныг “Үндэсний цөөнхийг шахсан байр сууринд байдаг” гэж тэд үзэж байна. Бурнацистууд оросуудыг үндэсний соёлыг сүйтгэсэн төрлөх хэлнээс салгасан Монгол ертөнцөөс тусгаарласан гэж буруутгаж байна.

Тэд буриадуудынхаа дунд  нэр хүндтэй. Тиймээс тэнд славян төрхтэй хүмүүс байнгын түгшүүрт байна. Энэ улсад ахуйн үндсэрхэг үзэл дэлгэрч бүх  муу муухайд оросуудыг буруутгадаг.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж