Хятадын эдийн засгийн өсөлтийн энэхүү удааширалт Монголд сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой. Учир нь Монголын эдийн засгийн амин зуулга болоод буй нүүрс, болоод зэсийн үнэ Хятадын зах зээл дээр унаж эхлээд байна. Ялангуяа Монголын эдийн засгийн өсөлтийг 17 хувьтай гаргахад Хятад руу түүхийгээр нь экспортолсон нүүрс голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол Улс 2010 онд 25 сая тонн нүүрс олборлосны 18 сая тонныг нь Хятадын зах зээлд нийлүүлсэн бол 2011 онд 21 сая тонн нүүрсийг урд хөрш рүү экспортолсон. Энэ жил үүнээс ч илүү экспортолохоор, өнгөрсөн онд нүүрснээс олсон ашгаа багагүй өсгөхөөр тооцоолсон Монголын эдийн засагт Хятадын удаашрал сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн жилтэй харьцуулахад нүүрсний экспортын хэмжээ төдийлөн өсөөгүй хийгээд үнэ нь харин багагүй буурсан байна. Өнгөрсөн онд гэхэд л Монгол Улс нэг тонн коксжсон түүхий нүүрсээ 100 ам.доллараар зарж байсан бол 2012 онд дэлхийн зах зээлд угааж, боловсруулсан нүүрсний үнэ 300 ам.доллараас 200 ам.доллар болтлоо буурсан, энэ нь Хятадын боловсруулсан нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж, Монголоос тус улсад нийлүүлж буй түүхий нүүрсний үнийг цөөнгүй төгрөгөөр бууруулаад байгаа гэх. “Монгол нүүрс” ассоциацийн мэргэжилтнээс авсан мэдээгээр бол Монгол Улс нэг тонн нүүрсээ 33-80 ам.доллараар зарж буй аж.
Уул уурхайн салбар нь тэргүүлэх болоод хувирсан, ашигт малтмалынхаа худалдааны ашгаас улсын төсөв нь бүрэлддэг Монгол Улсын хувьд энэ бол таагүй мэдээ юм. Цаашлаад дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 7688 ам.доллар байна. Гэтэл өнгөрсөн онд нэг тонн зэс дунджаар 9437 ам.долларт хүрсэн байдаг.
Сүүлийн саруудад дэлхийн эдийн засгийн байдал нэлээд тогтворгүй болж байгаа болон манай урд хөршийн гол нийлүүлэгч Европын өндөр орлоготой орнуудын санхүүгийн байдлаас болоод Хятадын эдийн засгийн өсөлт саармагжиж энэ нь Монгол Улсын хувьд эрсдлийг бий болгож байгааг Дэлхийн банкнаас анхааруулсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нийт экспортод нүүрс 47.3 хувь, зэсийн баяжмал 18.9 хувь, төмрийн хүдэр 11.3 хувь, боловсруулаагүй газрын тос 6.7 хувийг эзэлжээ. Эндээс харахад Монголын нийт экспортын дийлэнх нь Хятад улсад нийлүүлэгддэг бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой байгаа юм.
Хятад яагаад ийнхүү эдийн засгийн асуудалд орох болов оо гэдгийг Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас хэд хэдэн жишээ аван тайлбарлажээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байсан тус улсад байдал эвгүйтэхэд экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагчид болох Евро бүсийн орнууд нь өрийн хямралд орчихоод байгаа явдал сөргөөр нөлөөлөх болжээ. Тэгвэл Хятадын эдийн засгийн удааширалд нөлөөлж буй бас нэг шалтгаан нь тус улсын эрхбаригчдаас явуулж буй “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлого. Өнөөдөр Хятадад ажилгүйдэл ч өсч, ажлын байрны эрэлт ч нэмэгдсээр байгаа гэнэ. Инфляци нь хоёр оронтой тоонд хүрч, үнийн хөөсрөл нүүрлэсэн, хэт өндөр өсөлтөөс болоод эдийн засагт нь одоо ч багагүй эрсдэл үүсчихээд байгаа Монголын эдийн засаг Хятадын асуудлаас болж доргивол нэг хэсэгтээ л хямралаас гарч чадахгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол ч байна. 2008-2009 онд нүүрлэсэн дэлхийн хямралыг Монгол Улс хохирол багатай давахад Хятадын эдийн засгийн өсөлт хамгийн гол нөлөөлөл үзүүлж чадсан юм. Харин энэ удаад Хятадаас улбаатай хямрал Монголын эдийн засагт томоохон доргилт өгч магадгүй байна.