Энэхүү ажиллагаанд эрх авсан тамирчдаас гадна Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, БТСГ, МҮОХ, МОБХ-ын удирдлага, ахмад тамирчин, дасгалжуулагч нар хүрэлцэн ирсэн байв. Дашчойлон хийдийн лам нар хурж, БТСГ-ын хийлгэсэн хийморийн морийг аравнайлж, Лондоны тэнгэрт эх орныхоо төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүслээ. Тамирчдыг хийморийн мориноос адис авсны дараа МОБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нарын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе. Харин МОБХ-ноос хэвлэл мэдээллийнхэнд хандаж олимпийн наадамд оролцох тамирчдаас ярилцлага авахгүй байхыг хүссэн юм.
-Тамирчдын бэлтгэл хэр байна вэ?
-Бэлтгэл үндсэндээ хангагдсан. Манай тамирчид Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын баазад Казахстаны хоёрдугаар, БНХАУ-ын Лампан мужийн нэгдүгээр, ОХУ-ын Буриадын баг болон Сирийн олимпийн эрх авсан тамирчдыг урьж, бэлтгэл сургуулилалтаа 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хийсэн. МОБХ чадах чинээгээ ажиллаж, төлөвлөсөн бүх зүйлээ хийж дуусгалаа.
-Манайхан дөрвөн жилийн өмнөх олимпийн адил дөрвөн эрх авлаа. МОБХ хэдэн эрх авахыг зорьж байсан бэ?
-Зургаан эрх авахыг зорьж байсан боловч болсонгүй. “Бээжин-2008”-ын эрхийг гурван тэмцээнээс авч байсан бол “Лондон-2012”-ынхыг хоёр тэмцээнд л олгосон. Өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ болон энэ хавар Казахстанд болсон тэмцээнээс. Тиймээс дөрвөн эрхээ чамлахгүй. Амжилтаа бататгахын төлөө явж байна.
-Баг тамирчид маргааш (өнөөдөр) Лондонг зорих гэж байна. Олимпийн наадам хүртэлх хөтөлбөрөө сонирхуулаач?
-Бид тэмцээн эхлэхээс найм хоногийн өмнө Лондонг зорих гэж байна. Цагийн зөрүү гаргаж, уур амьсгалд нь дасан зохицох чухал нөлөөтэй. Лондоноос 40 гаруй км зайтай орших Сарри мужид байрлаж, Их Британийн шигшээ багтай бэлтгэл хийнэ. Ингээд долдугаар сарын 27-нд олимпийн тосгондоо орно доо.
-Өнгөрсөн хавар Улаанбаатарт эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай бүсгүйчүүд амжилт арвинтай байсан. Харин БНХАУ-ын Циньхуандао хотод болсон ДАШТ-ээс олимпийн эрх авч чадсангүй?
-Манайд эмэгтэйчүүдийн бокс харьцангуй хожуу хөгжсөн. Хэдий тийм ч эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж, хоёр аварга төрүүлсэн. Манай бүсгүйчүүд цааш цаашдаа юм дуулгана аа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин