Улаанбаатар хотын Ерөнхий инженерийн хийсэн мэдээллээр нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах, их ба урсгал засварын ажлын явц 56 хувьтай, алслагдсан дүүргүүдийнх 60 орчим хувьтай байна.
2012 оны зуны засварын хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх магистраль шугамуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40-80 хувьтай, төв шугамын засварын ажил 60 хувьтай байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй Дэнжийн 1000, Дотоод хэргийн их сургууль, УС-15 орчмын халаалтын зуухнуудыг бүрэн зогсоож төвлөрсөн дулаанд холбох ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж буй. Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар найман ажил хийгдээд эхэлсэн, ОСНААК-уудын хөрөнгөөр хийж буй их засварын ажлууд 68 хувийн гүйцэтгэлтэй байна. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын ус дулаан хангамжийг сайжруулах 2 дахь шатны төслөөр ОСНААК-уудын харъяа ус дулаан дамжуулах 42 төвийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийг шинэчлэхээс 12 төвд суурилуулж дуусчээ. 37 орон сууцны дотор системийг шинэчлэхээс 12 байрны системийг шинэчилсэн бөгөөд нийтдээ төвлөрсөн дулаан хангамжийн системд хийгдэж байгаа өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэлтийн ажлын явц 61 хувьтай байна.
Цахилгаан хангамжийн хувьд нийслэлийн хэмжээнд аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил дууссан бөгөөд урсгал засварын ажил 60 хувьтай, их засвар шинэчлэлтийн 47 ажлын явц 35 хувьтай байна. Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмж, барилга байгууламжид хийх засвар үйлчилгээний ажлын явц 70 хувьтай, бохир усны шугамын угаалгын ажил 90 хувьтай гүйцэтгэгдэж байна.
Их засвар шинэчлэлтийн ажлын төлөвлөгөөнд эрүүл мэндийн байгууллагын 24 объектод 1,89 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр төлөвлөснөөс 5 ажил бүрэн дууссан, 11 ажил гүйцэтгэлийн шатандаа, сургууль, цэцэрлэгийн 72 байранд засвар үйлчилгээ хийх ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер Ж.Алтангэрэл мэдээллээ.
Зуны засварын хугацаа талдаа орчихсон байгаа энэ үед улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон тухайн байгууллагуудын хөрөнгөөр хийгдэх ажил нь дөнгөж эхэлж байгаа болон эхлээгүй байгаа ажлуудыг яаравчилж, онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий менежер үүрэг болгосон юм. Мөн ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс асуудал үүсгээд буй газруудын талаар жагсаалт гаргаж, цаг алдалгүй шийдвэрлэж байхаар боллоо.