Хар тамхи тээвэрлэсэн монгол залуу амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэсэн монгол залуу амиа алджээ

Монгол Улсын иргэн 27 настай Г нь ходоодондоо  хар тамхи тээвэрлэж яваад Хонконгт зуурдаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ яг зуурдаар нас барсан уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг тогтоохоор хуулийн байгууллага шалгаж байгаа. Шүүх шинжилгээ хийсэн ч эцсийн дүн гарах болоогүй. Манай монголчууд гадаад улс орон руу хар тамхи гялгар уутанд хийж, залгиад хил дамнуулан “Амьд тээвэрлэгч” болж яваад амь эрсдэх тохиолдол гарч байна. Ийм тохиолдлоор Монголын хоёр иргэн амиа алдсан” гэв.

Талийгаач гялгар ууттай хар тамхи залгин, хил дамнуулан тээвэрлэжээ. Гэвч залгисан тамхиа гаргаж чадахгүй байсанд их хэмжээний мөнгөний асуудал яригдах учир хэргийн жинхэнэ толгойлогч эзэд хүчээр гаргаж авах гэж оролдсоноос хар тамхийг ходоодонд нь задалсны улмаас хордож амиа алдсан байна. Талийгаачийн цогцсыг Хонконг-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр авчирсан гэнэ. Харин энэ мэдээллийг ЭЦГ-аас үгүйсгэж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хар тамхийг гялгар уут болон тусгай капсулд хийж, ходоодондоо тээвэрлэх явдал ихэсч, ийм тээвэрлэлтийн улмаас манай иргэд хохирч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүлэг өгдөг ч энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг анхааруулсаар. жишээлбэл, өнгөрсөн 2010 онд хятадын зүүн мужид хар тамхи залгисан монгол залуу амиа алдсан. гэхдээ биедээ тээвэрлэсэн бодисонд хордсон уу гэдгийг тогтоогүй. мөн манай улсын хоёр иргэн нэгнийнхээ ходоодноос залгисан хар тамхийг нь туулгаж гаргаж авахаар оролдож байгаад залгисан залуу нь тэвчилгүй, цонхоор үсэрч амиа алдсан хэрэг хятадад гарсан. ийнхүү их мөнгөний сургаар юу ч хийж мэдэх сэтгэлгээндээ хөтлөгдсөн монгол залуус улс эх орондоо төдийгүй, амь насандаа халтай бизнес хийж амиа алдсаар байх вий гэдгийг анхааруулж байна.

О.САЙХАНЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж