-Сайн байна уу. Өглөөний мэнд хүргэе?
-Сайн, сайн уу. Та бүхэнд бас энэ өглөөний мэнд хүргэе.
– Их сайхан өглөө байна. Өнөөдрийг юу хийж өнгөрөөх гэж байна даа?
-Тийм ээ. Өглөө сэрэхэд үнэхээр сайхан байлаа. Түрүүн гэрээсээ гарсан. Өнөөдөр амжуулах ажил хэд хэд байгаа.
-Уран бүтээлийнхээ сонин сайхнаас ярихгүй юу?
-Сая наадмын өмнөхөн Үндэсний цирктэй хамтарч хоёр өдөр тоглолт хийсэн. Мөн Хүй долоон хутагт СУИС-ийн багш, оюутнуудтай хамтарч дөрвөн өдөр тоглосон. Ингэхдээ циркийн үзүүлбэр, алилагч гэх мэт тоглолт үзүүлсэн. Наадамчид сэтгэл хангалуун байгаа нь алга ташилтаас нь мэдрэгдсэн. Миний хувьд сайхан наадам болж өнгөрлөө.
-“Гэрэлт хандгай” театр өнгөрсөн намар нээлтээ хийсэн. Одоо ямар уран бүтээл хийж байна вэ. Хүүхдэд зориулсан бүтээл хийсэн үү?
-Намар нээлтээ хийсэн даруйдаа нэг тоглолт хийсэн. Бяцхан багачууд маш дуртай хүлээж авсан. Ирэх намраас төлөвлөсөн ажлуудаа хийж эхэлнэ дээ. Одоогоор ивээн тэтгэгч байгууллага хайж байна. Хүүхэд багачууддаа толилуулах бүтээлүүд бэлэн болсон.
-Зуныг юу хийж өнгөрөөх вэ?
-Ажил гэр хоёрын хооронд л явж байна даа. Өчигдөр хүүхдийн хорих ангид очиж шүлэг уншиж, хошин үзүүлбэр үзүүлсэн. Анзаарахад 16-гаас доош насны хүүхдүүд байна лээ. Цаанаа л нэг гал дөл нь унтарсан санагдсан. Ийм хүүхдүүдэд урам өгөх сайхан санагддаг. Би энэ жил СУИС-ийн магистрын ангийг төгсөнө. Дипломын ажлаа өгүүлэл дээр хийж байгаа. Номын сангаас салахаа байсан. Маш их зохиол уншиж байгаа.
-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин