Өвөрхангайн тойргийнхныг хариуцлагад татах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн тойргийнхныг хариуцлагад татах хэрэгтэй гэв

УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор архи, мөнгө тараасныг шүүх нотлох баримтад үндэслэн тогтоож, холбогдох шийдвэрээ гаргаад буй. Хуулиараа шүүх шийдвэрээ гаргасан нөхцөлд тойргийн хороо асуудлыг авч хэлэлцэн, хууль зөрчсөн нэр дэвшигчдийн нэрийг татах шийдвэрийг гаргах учиртай аж. Гэвч дээрх тойргийн хороо асуудлыг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүргэжээ. Тиймээс аравдугаар тойргийн хорооныхон асуудлыг шуурхай шийдвэрлэж, Өвөрхангай аймгийн иргэдийг УИХ-д төлөөлөн суух гишүүдийн тангаргыг өргүүлэх ёстой байна гэж хуульч О.Алтангэрэл, хуульч Т.Бадрах, аравдугаар тойргийн хороонд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн менежер Ц.Доржпалам нар өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Хуульч О.Алтангэрэл хэлэхдээ “Өвөрхангай аймагт гарсан хуулийн зөрчлийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн шүүхэд шийдвэрлэсэн нь буруу гэдэг ойлголтыг МАН-ынхны зүгээс олон нийтэд өгч байгаа. Гэвч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн үйл явдал болсон нутаг дэвсгэрийн шүүх эсвэл гомдол гаргаж буй иргэний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүх асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэгтэй хэмээн заасан байдаг. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн талаар гомдол гаргасан иргэн нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг тул хуульд зааснаар харьяа дүүргийнхээ шүүхдээ хандсан. Тийм учраас  Хан-Уул дүүргийн шүүх энэ асуудлыг хуулийн хүрээнд тогтоож, шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ер нь МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн дэвшигчдийн хувьд архи, мөнгө сонгогчдоо тараахаас гадна сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан болохыг аравдугаар тойргийн хороо тогтоосон байдаг. Гэтэл Өвөрхангай аймгийн МАН-д зөвхөн энэ тухай нь мэдэгдэл хүргүүлээд л өнгөрсөн.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-д сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд татан оролцуулахыг хориглосон төдийгүй 35 дугаар зүйлийн 35.35-д хэрэв дээрх заалтыг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж заасан. Энэ нь Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашиглаж хууль зөрчсөнийг нэгэнтээ тодорхойлж байгаа тул тэднийг нэрсийн жагсаалтаас хасч хариуцлага тооцох үндэслэл болж байгаа.  Аравдугаар тойргийн хороо харин хуулиа хэрэгжүүлэхгүй байна” гэлээ.

Мөн хуульчид “Шүүх МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг тогтоож, Сонгуулийн ерөнхий хороо тэдний нэрийг түдгэлзүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилгүй, асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тойргийн хороонд өгсөн байтал өнөө хэр эцсийн шийдвэрийг гаргахгүй байгаа нь асуудлыг үнэн зөвөөр шийдэх сонирхолгүй байгааг харуулж байна.  Энэхүү үйлдэл нь аравдугаар тойргийн хорооныхон  сонгуулийн дүнг будлиантуулах нөхцөл байдлыг хэргээр бий болгож байна гэж үзэхээс аргагүйд хүргэж байна. Энэ нь эргээд тойргийн хорооны гишүүдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болох талтай” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж