”Баялгаа буцаан авч болдгийг харуулсан анхны тохиолдол”

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

”Баялгаа буцаан авч болдгийг харуулсан анхны тохиолдол”

Өнгөрсөн хавраас хойш багагүй дуулиан дэгдээсэн "Тираннозавр Батаар" үлэг гүрвэлийн араг ястай холбоотой хэргийг өмгөөлж энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс оролцож байгаа  АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирээд байна. Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ноён Роберт Пэйнтерээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та "Тираннозавр Батаар"-тай холбоотой хэргийг яаж мэдэж өмгөөлөгч нь болсон юм бэ?

-Бид бол Техасаас гаралтай хүмүүс л дээ. Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны орой 18.30 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос "Тираннозавр Батаар"-ын талаар еmail хүлээж авсан. Тэндээс олж мэдсэн зүйл маань гэвэл Монголын говиос олддог маш ховор үлэг гүрвэлийн араг ясыг хууль бусаар хил нэвтрүүлж ням гаригт АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байна гэдгийг мэдсэн. Ерөнхийлөгчөөс еmail авдаг өдөр маань баасан гаригийн орой байсан л даа. Хагас, бүтэн сайнд Техас мужийн шүүхийнхэн амарчихдаг. Тиймээс тэр оройдоо л нэг, хоёр өдөрт амжуулаад хамтран ажиллаж болох шүүгч олох ажилд гарсан. Монголын төрийн нэрийн өмнөөс үлэг гүрвэлийн ясыг бусдын гарт орж үрэгдэхээс нь өмнө эргүүлж авахын тулд хэрэг үүсгүүлж хуулийн дагуу хандах боломжийг нэн яаралтай хангах хэрэгтэй болсон. Тэр чиглэлэлээр үргэлжлүүлж ажиллах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс аваад миний хамгийн түрүүнд хийсэн зүйл нь шүүгч олох ажил болсон.

Олон шүүгч рүү хоёр гурван цагийн турш утасдаж холбоо барьсны эцэст Далласын К.Куртс гэдэг шүүгчтэй холбогдсон. Шүүгч намайг бямба гаригийн өглөө гэртээ хүлээж авахаар боллоо. Тэгээд хагас сайны өрөө гэрийнх нь гал тогооны өрөөнд кофе ууж яриандаа орсон. Хамгийн түрүүнд тэр шүүгч “Хэн Монголын говиос динозаврын яс хулгайлж чаддаг байна аа” гэж асуусан. “Тэр тухай мэдэхгүй. Гэхдээ энэ бол маш чухал, том хэрэг шүү” гэдгийг л би шүүгчид хэлсэн. Тэр өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагааны гарын үсэгтэй мэдэгдэл зэрэг бичиг баримтуудыг шүүгчид өгсөн. Мэдэгдэлд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах нь Монгол Улсын болоод бусад олон улсын хуулийн дагуу хууль бус гэдгийг мэдэгдсэн байсан. Шүүгч бичгүүдийг хүлээж авмагцаа үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах асуудлыг түр хугацаагаар зогсоох бичигт гарын үсэг зурсан.

-Тэгээд л дуудлага худалдааг зогсоосон уу?

-Бас үгүй юм аа. Шүүгчийн бичгийг аваад тэр даруй би хамтрагчийнхаа хамт Нью-Йорк хот руу нисч дуудлага худалдааны газарт очсон. Шүүгчийн шийдвэрийн дагуу дуудлага худалдааг түр хугацаагаар зогслоож, үлэг гүрвэлийн ясыг хэн нэгний өмчлөлд шилжүүлэхийг түр хугацаагаар зогсоохыг шаардсан. Тэр өдөр "Тираннозавр Батаар"-ын яснаас гадна олон зүйлийг дуудлага худалдаагаар зарж байсан. Гэхдээ дуудлага худалдааны газрын ажилтнуудын яриагаар бол динозаврын ясны дуудлага худалдааг түр зогсоосон ч дахин сэргээн явуулах гэж байгааг олж мэдсэн. Тэгмэгц би шүүгч рүүгээ утасдаж хэдийгээр дуудлага худалдааг зогсоох шүүхийн шийдвэр гарсан ч үргэлжлүүлэхийг завдаж байна гэдгийг мэдэгдсэн. Шүүгч хариуд нь “Миний шийдвэр бол зөвхөн дуудлага худалдааг түр зогсоохыг санал болгож байгаа хэрэг биш. Шийдвэрийг зөрчвөл зөрчсөн этгээдийг зургаан сарын хугацаагаар шоронд хорих болно” гэдгийг хэлсэн.

Тэр зуур "Тираннозавр Батаар"-ын ясыг зарахаар тайзан дээр гаргаж ирсэн. Дуудлага худалдааны компанийн захирал худалдаа эрхэлдэг хүндээ “Дуудлага худалдаа үргэлжилнэ. Гэхдээ шүүхийн шийдвэрийг харгалзан үзэх ёстой”  гэсэн жижигхэн мэдэгдэл өгсөн байсан. Дуудлага худалдаа явуулахаар зарламагц би гар утсаа гаргаж ирээд шүүгч рүүгээ залгаж “Би яг одоо шүүгчтэй холбогдоод байна. Та нарын дуудлага худалдаа шүүхийн шийдвэр зөрчиж байна шүү” гэж босч зогсч байгаад зарласан. Шийдвэр зөрчвөл торгууль хүлээх юм уу хорих ялаар шийтгүүлэх ял хүлээж байгааг тэдэнд анхааруулсан. Аз болоход динозаврын яс агуулахад, хэн ч нэвтрэх эрхгүй найдвартай, аюулгүй газарт хадгалагдаж байсан.

Бидний хувьд Даллас руу буцаж шүүгчтэйгээ уулзаад хууль зөрчиж дуудлага худалдаа явуулсан компанид ял төлөвлүүлэх бодолтой байсан. Харин дараа өдөр нь дуудлага худалдааны компани ямар том алдаа гаргах гэж байснаа ухаарч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

-Үлэг гүрвэлийн яс Монголын говиос олдсон гэдгийг юугаар нотолж тогтоов. Бас яагаад АНУ-ын Засгийн газар тэгж амархан анхааралдаа авсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон палеонтологичдын баг ясыг шинжлэн судалж Монголын говиос олдсон гэдгийг нь нотлох боломж олгосон. Яг тэр үед би АНУ-ын прокурорын газарт хандсан. Прокурорын газар нь Хууль зүйн яамныхаа дор байдаг. АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэг бүртгэх, нэхэмжлэл гаргах тийм эрхтэй байгууллага. Прокурорын газраас “Монгол Улс бол АНУ-ын маш том, үнэ цэнэтэй түнш. Анд нөхөр юм. Манай хоёр орон маш ойр дотно харилцаатай байдаг учраас АНУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцож Монгол Улсын Засгийн газартай хамтран Монголын үндэсний том баялаг болох үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь буцаах ажилд хамтарна” гэж мэдэгдсэн.

АНУ-ын прокурорын газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо хэлэлцээд тэр динозаврын ясыг 1920-иод оны үед гаргасан ч бай,  ер нь хэзээ ч Монголоос гаргасан байсан хамаагүй, хууль бус ажиллагаа байсан гэдгийг нотолсон хууль эрх зүйн актуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй болсон. Монголын тал, тэр дундаа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн шуурхай ажиллагааны үр дүнд тэр жагсаалт бэлэн болж ирсэн. Үүний үндсэн дээр АНУ-ын Засгийн газар динозаврын ясыг хурааж авах шийдвэр гаргасан.

Тэр үед Нью-Йорк хотод Монголын болоод Хойд Америкийн тэргүүлэх палеонтологийн эрдэмтэд динозаврын ясанд найман цагийн турш маш нарийн судалгаа шинжилгээ хийгээд ямар ч эргэлзээгүйгээр "Тираннозавр Батаар"-ын яс мөн байна гэдгийг тогтоосон. Монголоос доктор Д.Цогтбаатар ирсэн байсан. Бас доктор н.Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич доктор, Канадын эрдэмтэн оролцсон. Ясны өнгө, өндөр, нам зэрэг хэмжээсүүд гээд шинж тэмдгүүд Монголоос олддог "Тираннозавр Батаар"-ын яс мөн гэдгийг нотолсон. Ийм яс Монголоос өөр дэлхийн хаанаас ч олдоггүй гэдгийг шинжээчид шууд хэлж байсан. Эрдэмтэд шинжилж дүгнэлт гаргаснаар бидэнд ялах боломж илүү нээгдсэн.

Энэ нь тухайн улсын Засгийн газар өөрийн баялгаа анхаарч буцаан авч байгаа анхны тохиолдол болоод байна. Бусад орны төр, засгийн тэргүүнүүдэд үлгэр жишээ болох болов уу гэж бодож байгаа. Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар динозаврын ясыг агуулахаас хурааж авч мэдэлдээ авсан. Харуул хамгаалалтад авч байгааг нь харах тийм завшаан надад олдсон.

-Одоо энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Одоо АНУ-ын Холбооны шүүхэд хэрэг шилжээд байна. АНУ-ын Засгийн газар динозаврын ясыг Монгол Улс руу буцаах асуудлыг нэхэмжилж шүүхэд мэдүүлээд байгаа. Шүүх ажиллагаа үргэлжлэх хугацаанд динозаврын ясыг АНУ-ын төр, засгийн хамгаалалтад хамгийн аюулгүй байдалд хадгалж байгаа.

Хамгийн сүүлийн нэн сонирхолтой мэдээлэл гэвэл "Тираннозавр Батаар"-ын ясыг худалдсан хүнийг олж тогтоосон. Тэр хүнийг Эрик Прокапи гэдэг. Тэр хүн бол АНУ-ын иргэн. Флоридад оршин суудаг. Эрик Прокапи нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын харьяат Крис Мор гэдэг хүнтэй хамтарч ажилласан байсан. Эрик Прокапид динозаврын яс худалдаж авсан талаар ямар ч албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, гаалийн мэдүүлэг байгаагүй. Японоос энэ ясыг авсан гэж мэдүүлээд байгаа.

-Хэзээ авсан гэдгээ хэлсэн болов уу?

-Сүүлийн 10 жилийн дотор авсан гэж мэдүүлсэн. Гэхдээ хэнээс авсан гэдгээ санахгүй байгаа. Хил, гаалиар оруулсан тухайд Их Британиас АНУ руу оруулсан байна гэдгийг л тогтоосон. Хил, гаалиар оруулсан, гаргасан талаар Монгол Улс, Японтой холбогдох ямар нэг ул мөр олдохгүй байгаа. Эрик Прокапи Их Британиас АНУ руу оруулахдаа гаалийн мэдүүлэг дээрээ ясыг 15000 ам.долларын үнэтэй гэж мэдүүлсэн байгаа. Гарал үүслийг нь Монголоос биш Их Британиас гаралтай, "Тираннозавр Батаар"-ын яс биш зүгээр ямар нэг гүрвэлийн яс гэж мэдүүлсэн. Тэгээд 15000 ам.долларын гэж үнэлсэн ясаа нэг сая гаруй ам.доллараар зарахыг оролдсон. Дуудлага худалдаанд оруулахдаа харин өмнөх шигээ Их Британиас гаралтай биш Монголоос гаралтай гэж мэдүүлсэн байсан.

Тэр Эрик Прокапи гэдэг хүн АНУ-ын хууль тогтоомжийн дагуу маш их асуудалд орооцолдоод байгаа хүн. Тэр хүн Монголын үлэг гүрвэлийн ясыг зарж байгаа анхны тохиолдол ч энэ биш юм. Түүний зарах гэж байсан хууль бус зүйлийг АНУ хурааж авч байсан анхны тохиолдол ч энэ биш.

Сүүлийн нэг сарын дотор гэхэд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн өөр нэг  ясыг АНУ-ын Калифорнид худалдсан мэдээлэл бидэнд олдсон. АНУ, Монгол Улс дотно найрсаг харилцаатай. Тиймээс Монголоос урьд өмнө нь гаргасан динозаврын ясуудыг ч буцаах талаар үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байгаа.

"Тираннозавр Батаар"-ын ясыг дараагийн нэг, хоёр сарын дотор Монголд буцаах боломжтой. Эрик Прокапийн хэрэг нэгэнт илэрсэн. Монгол Улстай холбоотой нэмэлт асуудал гарвал харин бага зэрэг удаж магадгүй. Ямар боловч "Тираннозавр Батаар"-ын яс тун ойрын хугацаанд эх орондоо ирнэ. Улс орныхоо өв баялгийг эргүүлж авахын төлөө шуурхай ажилладаг Ерөнхийлөгчийг сонгосон Монголын ард түмэн үүгээрээ бахараж байгаа байх. Бид ч монголчуудтай хамтран ажиллаж байгаадаа бахархаж байгаа. "Тираннозавр Батаар"-ын ясыг эх оронд нь буцаахаар болсон нь Монгол-АНУ-ын Засгийн газрын маш үр ашигтай хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж болно.

-Монголд ирээд ямар ажил амжуулж байгаа бол?

-БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзунтай уулзсан. Эрик Прокапи Монголд нэвтэрч байсан эсэхийг шалгаж хил, гаалийн мэдүүлгүүдтэй танилцахаар болсон. Монголын хууль, шүүхийн байгууллагууд энэ хэрэгт анхаарал тавьж ажиллаж байгаа. Эрх бүхий байгууллагуудын мэдээлснээр "Тираннозавр Батаар"-ын ясыг Монголоос гаргасан талаар ямар нэг хэлцэл, зөвшөөрөл, мэдээлэл олдоогүй гэсэн. Одоо ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр "Тираннозавр Батаар" бол Монголынх. Монголоос хууль бусаар гаргасан. АНУ-д оруулсан арга зам нь Америкийн хуулийг маш ноцтойгоор зөрчсөн гэсэн асуудал байна. Одоо бид доктор н.Болорцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, зөвлөх Л.Пүрэвсүрэн нартай уулзана.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж