Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай” хэмээн нэрийддэг байна. Харин нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж.
Хоёр хөөргийг харсан бүхний шүлс гоождог ч Г.Алтан хатагтай энэхүү нандин цуглуулгаа сайн нөхөд, гадна, дотны эрхэм хүндтэй зочдоосоо нуугаад байдаггүй.
Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эртний хөөрөгнүүд байдаг. Тухайлбал, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог.
Г.Алтан хатагтай хүмүүст хөөрөгний цуглуулгаа хааяа нэг сонирхуулах боловч “Ямар ч өндөр үнээр худалдахгүй хамгийн эрхэм зүйлсийн маань нэг бол энэ цуглуулга. Тиймээс би ганцыг нь ч зарахгүй” хэмээдэг байна.