Үндэсний ₮ картыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Үндэсний ₮ картыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Монгол банкнаас санаачлан Үндэсний брэнд ₮ картыг гаргахаар болсон билээ. Энэ нь гадаадаас оруулж ирж, үйлчилгээндээ ашигладаг “Виза”, “Мастер” картыг халах үндэсний карт юм. Энэхүү картыг ашиглан дотоодын картын бүхий л төрлийн үйлчилгээг авахаас гадна гадаадад хүндрэлгүйгээр ашиглаж болох юм байна. ₮ картыг Худалдаа хөгжлийн банк энэ оны хоёрдугаар сараас үйлчилгээнд нэвтрүүлсэн ба тус банкны 10 мянган харилцагч ₮ картыг авсан байгаа ажээ.  Одоогийн байдлаар Монгол банкнаас ₮ картыг гаргах лицензийг найман арилжааны банкинд өгсөн юм байна. Энэ талаар Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Ж.Цогтсанаагаас тодрууллаа.

-Үндэсний ₮ картыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажил хэр явцтай байгаа вэ?

-Монгол банкнаас төгрөгийн  ₮ картыг гаргах бодлого, стандартыг боловсруулсны дагуу арилжааны банкуудаар дамжуулж үйлчилгээнд гаргах юм. Ингэхдээ “Хаан”, “Хадгаламж”, “Капитрон, “Голомт”, “Хас”, “Улаанбаатар банк”  гээд карт гаргаж буй найман банкинд ₮ карт гаргах зөвшөөрөл олгосон байгаа. Ингээд хамгийн анх Худалдаа хөгжлийн банк нэвтрүүлсэн, одоогоор найман банкинд ийнхүү эрх олгосон бол хоёр дахь банк нь үйлчилгээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Одоогоор банкуудын тоног төхөөрөмж, программ хангамжид өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг хийж байна.

-Арилжааны банкууд картаа хэрхэн хийж байгаа бол?

-Картын бэлдэцийг дандаа гадаадад хийлгэдэг юм. ₮ карт гаргах заавар, журмын шаардлага байгаа. Түүнийг холлергамын шаардлага хангасан байх ёстой учраас гадаадад хийлгэдэг. Ерөнхийдөө картын бэлдэцийг хийхэд 30 хоногоос гурван сарын хугацаа хэрэгтэй.

-Улсын үндэсний картыг гаргаснаар ямар ач холбогдолтой вэ?

-Энэ нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг илэрхийлсэн байдал юм. Гадаадаас оруулж ирдэг картын оронд үндэснийхээ картыг ашиглах болж байна. Картаар төрөөс олгож буй тэтгэвэр, тэтгэмж, дотоодын бүхий л үйлчилгээг авна. Мөн ₮ карыг гадаадад хүндрэлгүйгээр ашиглах боломжтой. Банкны системийн хувьд, гадаадаас оруулж ирдэг картынхаа бэлэн бус төлбөр тооцоог бүрэн хянаж чаддаггүй бол үндэсний картаа ашигладаг болсоноор гадаад, дотоод дахь бүхий л гүйлгээ, тайлан тооцоог хянах боломжтой юм.

-Энэ нь төлбөр тооцооны зардлыг хэрхэн хэмнэх вэ?

-“Виза”, “Мастер” картуудыг гаргахын тулд тухайн албан ёсны эрхт байгууллагад гишүүнчлэлийн буюу улирлын төлбөр төлдөг. Энэ гишүүнчлэлийнхээ төрлөөс хамаараад 25-100 мянган доллар байдаг. Дараа нь үр дүнгийн тооцоо хийх төлбөр бий. Энэ нь картаар хийсэн гүйлгээний утгыг тайлан хэлбэрээр аваад, түүнийхээ дүнгээс тодорхой хувийг авдаг юм. Ингэхдээ 0,02-0,0001 хувийн шимтгэл төлөхийг шаарддаг. Мөн картан дээрх дугаарт шимтгэл төлдөг. Дунджаар 1000 карт гаргахад тэдэн доллар гаргана гэж заасан байдаг. Үүн дээр жижиг төлбөрүүд ч нэмэгддэг. Тэгэхээр энэ бүх зардал, дамжлалыг хэмнэнэ. Монгол Үндэснийхээ картыг гаргаж байна гэдэг чинь энэ шүү дээ.

-Банкууд карт гаргах өртөг нь ямар байдаг бол?

-Ингээд бодохоор  банкууд карт гаргахын тулд жилдээ 4,5 сая ам.долларыг шимтгэлээр төлдөг.

-₮ картаар Мобайл банк, цахим банкийг нэгтгэнэ гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Үүгээр арилжааны банкууд хоорондоо гүйлгээ хийх боломжийг хангах юм. Ингэхийн тулд банкуудтай хамтарч ажиллана. Банкуудын интернэт банкны системийг судалж байна. Одоогоор “Хаан” банкны интернэт банкаар “Худалдаа хөгжлийн банк” –ийн гүйлгээг хийж болох нөхцөл бүрдээд байна. Мобайл банкны хувьд, банкуудын систем  нь дансны дугаар болон утасны дугаараараа гүйлгээ хийх хоёр төрлөөр ялгаатай байдаг. Одоогийн байдлаар дансны дугаарыг ашиглаж гүйлгээ хийдэг банкууд бол хоорондоо гүйлгээ хийх боломжтой. Харин утасны дугаарыг ашиглан гүйлгээ хийдэг банкны системийг судлах шаардлагатай байгаа бөгөөд энэ ажлыг хийж байна.

-Картын дизайны тухайд үндэсний гэдгээрээ их онцлогтой байх?

-Картын лого нь Гэрэгэ дотор ₮ гэсэн тэмдэглэгээтэй байх юм. Логог картын нүүрэн талд байрлуулсан байна. Харин үндэсний цахим гүйлгээний төвийн логог картын ард талд байрлуулна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж