Н.Баярмаа: Би бэлтгэлээ нэгд тавьдаг

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Н.Баярмаа: Би бэлтгэлээ нэгд тавьдаг

Н.Баярмаа: Олимпод оролцохын тулд төрснийхөө дараа нэг cap гаруйтай штангаа өргөж байлаа

Хүндийн өргөлтийн спортын ОУХМ, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, гурван мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн амжилтуудыг тоочвол урт цуваа хөвөрнө. Мөн самбо бөхийн ОУХМ цолтой. Тэрбээр 15 жилийн хугацаанд Монгол Улсын рекорд амжилтыг нийт 108 удаа шинэчлэн тогтоосон нь зүрх сэтгэлд минь үнэ цэнэтэй үлдсэн хэмээн ярих түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цолыг хүртээд удаагүй байхад нь чин сэтгэлийн яриа өрнүүлснээ уншигч танаа хүргэе.

-Шагнал эзнээ олно гэдэг хамгийн үнэ цэнэтэй байдаг. Саяхан МУГТ цолоор энгэрээ мялаасан танд олон нийт талархаж байна. Баяр хүргэе?

-Төр түмэн, аав ээж, багш, намайг дэмждэг бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд хүндийн өргөлтийн спортоор анх 1998 оноос хичээллэж эхэлсэн.15 жил тасралтгүй энэ спортдоо тууштай үнэнч явсны хүчинд төр түмэн маань гавьяа шагналаа хайрлалаа. Үүнийг спортдоо шантрахгүй зүтгэж явсны үр дүн гарлаа гэж ойлгож байна. Гэхдээ би ганцаараа зүтгээд энэ амжилтад хүрчихсэн гэвэл үгүй. Үүний цаана аав ээж, ах дүү, багш, хамт олны халуун сэтгэлийн дэмжлэг их байсан. Мөн намайг дэмждэг олон хүмүүс урам зориг өгч байсан учраас энэхүү оргилд хүрлээ гэж бодож байна. Тиймээс ч энэ шагнал зөвхөн минийх биш, намайг дэмждэг олон хүмүүсийн сэтгэл шингэсэн хамтын шагнал юм.

-Хүн дуртай зүйлээ хийж байж амжилтад хүрдэг жамтай. Хүндийн өргөлтийн спортод юугаараа таныг дурлуулж тууштай хичээллүүлэх болов?

-Миний хувьд багаасаа спортод дуртай байлаа. Аав ээж маань ч биднийг зөв хүмүүжүүлсэн. Аав маань онц тээвэрчин хүн байсан. Сонгомол бөх, хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг байсан нь биднийг спортод элэгтэй сэтгэлтэй болгосон гэж боддог. Намайг хүндийн өргөлтийн спортод анх татан, урам хайрласан хүн бол миний анхны багш Хөхөө юм. Тиймээс миний сонирхол дээр урам зоригийг бадрааж өгсөн Хөхөө багшдаа баярлаж явдаг.

-Эмэгтэй хүн хүндийн өргөлтөөр хичээллэнэ гэдэг эрсдэлтэй хэр баргийн хүн зориглох ажил биш санагддаг юм?

-Энгийн хүмүүс шууд л хүнд штангийг өргөөд байдаг гэсэн ойлголттой байдаг. Тийм биш. Энэ спортын цаана маш том шинжлэх ухаан байдаг. Олимпийн төрөлд орсон. Ингэснээрээ тухайн спорт хүний эрүүл мэндэд ямар ч гаж нөлөөгүй гэдгийг илэрхийлж байгаа хамгийн том үзүүлэлт юм.

Хоёрдугаарт ялангуяа эмэгтэй хүнд илүү сөрөг үр дагавартай гэж бодож магадгүй. Гэтэл хүүхэд гаргаад сайхан амьдраад явж байгаа хүн олон байна. Миний бие ч өөрөө Бээжингийн олимпийн дараа нярайлаад хөөрхөн охинтой болсон. Бас энэ спортыг маш их нарийн тооцоо төлөвлөгөөтэй, системтэй шинжлэх ухааны дагуу хийдэг юм. Тийм учраас янз бүрийн эрсдэлээс холуур амжилт гаргаж яваад байгаа юм.

-Хүндийн өргөлтийн спорт бидний хэдийнэ танил болсон спорт. Гэвч эмэгтэй хүнд өргөлтийн тамирчин цөөхөн байдаг?

-Надаас өмнө 1990 онд Батцэцэг гэдэг эгч хүндийн өргөлт хийж байсан. Тиймээс би тэр эмэгтэйг анхны хүндийн өргөлтийн эмэгтэй гэж бодож явдаг. Тэрбээр 1990 онд Монгол Улсаа төлөөлж анх удаа Азийн наадамд 60 кг-д өргөж байсан юм билээ. Харин 1998 оноос хойш энэ спорт эрчимтэй хөгжсөн болов уу гэж боддог.

-Цол дагаж бяр нэмдэг гэдэг. Түүн шиг Монголын ард түмэн таниас илүү амжилт хүлээж байгаа?

-Тэгэлгүй яахав. Энэ шагнал надад итгэл урам зориг өгөхийн сацуу хариуцлага дагуулж байгаа. Төрийнхөө хишиг, түмнийхээ итгэлийг дааж явах нь хамгийн чухал байна. Тиймээс цаашдаа бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж үүнээс илүү амжилт гаргахыг хүсч байна. Дээр нь амжилт гаргах өсөх ирээдүйтэй тамирчдыг энэ спортдоо татан оролцуулах зэрэг спортоо хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа.

-Хамт бэлтгэл хийж байгаа залуучууддаа зөвлөж сургах нь их биз?

-Надтай мөр зэрэгцэн олон жил энэ спорттой нөхөрлөж байгаа мөн өсөх ирээдүйтэй тамирчид, ахмадууд байна. Эд нартайгаа бид нэг дор бэлтгэлээ хийдэг. Шинээр орж ирж байгаа залуу тамирчдадаа чадаж мэддэг зүйлээсээ харамгүй хэлж туслахыг хичээдэг. Тэд маань бидний ирээдүй, цаашид хүндийн өргөлтийн спортын нэрийн хуудас болж явах хүмүүс учраас онож явсан зүйлээсээ сургамж болгож, алдаагаа давтуулахгүй байхыг хэлж зөвлөдөг.

-Спортынхон харьцангуй тайван, хүлээцтэй хүмүүс байдаг. Таны хувьд шагнал авахыг сонсоод хэрхэн яаж хүлээж авсан бэ?

-Энэ сайхан мэдээг сонсоно гэдэг миний хувьд тэмдэглэлт ховор агшин байлаа. Маш их догдолж баярлаж байсан. Үнэхээр үнэн юм гэж байдаг юм байна, төр түмэн хардаг юм байна, миний хийж бүтээснийг үнэлдэг юм байна гэж бодогдсон. Ер нь хөдөлмөрийнхөө үр дүнг амсах шиг сайхан зүйл үгүй. Энэ бүхэн аав ээж, төр түмэн, хамт олон, багшийн маань буян гэж бодоод баярын нулимс унагасан. Баярт мэдээгээ аав ээж, багшдаа дуулгасан. Тэд маань надаас дутуугүй баяртайгаар хүлээж авсан.

-Лондонгийн олимпод хүндийн өргөлтийн тамирчдаас оролцохгүй. Гэсэн ч та бэлтгэлээ маш шаргуу хийж байх чинь. Эндээс аргагүй л бэлтгэл сургуулилт чухал гэдэг нь харагдаж байна?

-Бидэнд бэлтгэл хамгийн чухал байдаг. Шинийн нэгэн, Мартын найманд ч миний бэлтгэлийн төлөвлөгөөтэй өдөр л байвал хийгээд л зогсч байдаг. Би зургаадугаар сарын нэгэнд төрсөн. Тэр өдөр ч мөн бэлтгэлээ хийдэг. Энэ бол миний спорттой холбогдсон 20 жилийн хугацаанд зуршил болчихсон зүйл л дээ. Бид заалаа, багш нараа хүндэтгэдэг. Тийм учраас бэлтгэлээ нэгдүгээрт тавьдаг. Жилийн төлөвлөсөн бэлтгэлээс нэг өдрийн бэлтгэл тасарвал бэлтгэлийн систем, цикльд өөрчлөлт ордог.

-Нээрээ ч та нялх биетэй мөртлөө олимпийн бэлтгэлээ хийж байсан шүү дээ?

-Тийм ээ. 2012 оны олимпод амжилттай оролцохын тулд нэг cap гаруйтай штангаа өргөж байлаа. Өөрөөр хэлбэл бүхий л зүйлээ Лондонгийн олимпод зориулъя гэж бодсон хэрэг. Гэсэн хэдий ч хичнээн хичээсэн ч гэсэн зарим нэг зүйл санаснаар болдоггүй юм байна гэдгийн бодит жишээг харлаа. Аливаа юм өгөөтэй аваатай байдаг юм байна. Гэхдээ бүх зүйл дууслаа гэж хэзээ ч бэлтгэлээ орхигдуулаагүй. Явж чадахгүй байсан ч би зааландаа ирээд бэлтгэлээ хийх ёстой. Учир нь намайг ахиад цаашдаа амжилт гаргана гэсэн урам зориг өглөө. Миний зүгээс ч дутуу үлдсэн зүйлээ нөхөхийн тулд бэлтгэлээ байнга хийж ирсэн. Харин одоо бусад тамирчдадаа амжилт хүсээд уухайлаад суух нь миний үүрэг.

-Ойрын үед ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Монгол Улсад анх удаа хүндийн өргөлтийн өсвөр залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын сүүлчээр болно. Энэ нь хүндийн спортын хөгжил, хүмүүст таньж мэдэх тал дээр том алхам болсон болов уу. Миний хувьд 2014 онд олимпийн эрх авах тэмцээнүүддээ амжилттай оролцоно гэсэн урам зоригтойгоор бэлтгэлээ хийж байна.

-Залбирч сүсэглэдэг уул усныхаа тухайд?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүн. Түүгээрээ бахархаж Хөвсгөл нутгаараа овоглож явдаг. Хөвсгөл нутагтаа очиж хийморио сэргээж, нутгийнхаа агаар, цэнгэг усыг харж баясч явдаг.

-Спортын амжилтад гэр бүлийн халамж хайр, дэмжлэг хамгаас чухал байдаг?

-Багаас минь ээж хоол хийж, аав урам дэм өгч, ах дүү нар маань бүх талаар дэмжиж амжилт гаргах үндэс бааз суурь болсоор ирсэн. Одоо ч болж байгаа. Тэгээд гэр бүлтэй болж өмөг түшиг болж намайг дэмжсэнээр цаашид спортоо үргэлжлүүлэн хичээллэх боломж ирсэн. Тэр ч утгаараа хань ижил маань өнөөдөр үр хүүхдээ асарч, урмын үгээр тэтгэж, ар гэртээ санаа зовох зүйлгүй тэмцээн уралдаанд оролцуулж байгаа. Аав ээж минь ч хүүхдийг минь харж тусалдаг. Тиймээс би спортдоо бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрэв сэтгэл санаа минь тогтворгүй байсан бол өдийд амжилтад хүрэхгүй байх байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бүх зүйл шулуун дардан байгаагүй. Хичнээн дуртай ч хэцүү саад бэрхшээл тулгарч байсныг нуугаад яахав. Тэр бүгдийг даван туулахад гэр бүл их нөлөөлсөн. Бас цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагаараа бахархаж явдаг. Тухайн үед "Хүч" спорт хорооны дарга байсан одоо Нийслэлийн цагдаагийн газрын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга А.Эрдэнэбаяр хурандаа надад итгэж хүнд хэцүү үед "Хүч" спорт хороондоо цагдаа тамирчнаар авч байлаа. Спортоороо тасралтгүй хичээллээд явах боломж олгосон Эрдэнэбаяр даргадаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэдний хүчинд би өнөөдөр спортоо орхилгүй явж ирсэн.

-Эдгээр овоглодог байгууллагууд тань хүндэтгэл үзүүлсэн үү?

-Би Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар ажилладаг. Энэ хамт олон бие бүрэлдэхүүн намайг бэлтгэлээ хийгээд, амжилт гаргаад явж байхад ард ажлыг минь үүрээд явж байдаг. Энэ нь мөн л амжилт гаргах үндэс болсон. Бас хурандаа Б.Эрдэнэном дарга байна. Хичнээн цагдаагийн байгууллага ч гэсэн тамирчдаа маш их дэмжиж удирдан зохион байгуулж, аав шиг минь зөвлөж, сургаж хүмүүжүүлж яваа даргынхаа зохион байгуулах чадвар, ухаанаар нь бахархдаг. Дээр нь тамирчдыг дэмжиж, бэлтгэл хийх нөхцлөөр хангаж өгдөг болохоор ямагт баярлаж явдаг юм. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир дарга хүлээж аваад хугацаанаас өмнө цагдаагийн ахмад цолоор шагнасан. Энэ бол цагдаагийн байгууллагаас үзүүлж байгаа том шагнал юм. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад авдаг цолыг намайг Монгол Улсынхаа өмнөөс, бас цагдаагийн байгууллагыг төлөөлж гаргасан амжилтыг минь үнэлж өндөр цол хэргэмээр шагнасанд баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллах болно.

-Тамирчдын санааг зовоодог зүйл бол тэмцээний зардал. Таныг энэ олон тэмцээнд оролцоход хаанаас зардлыг тань гаргадаг байв?

-Би Үндэсний шигшээ багийн тамирчнаар ажилладаг. Тиймээс Ч.Наранбаатар дарга болон үндэсний шигшээ багийнхан хүндийн өргөлтийн спортыг топ төрлүүдээс дутахааргүй дэмждэгт нь баярладаг. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дарга хүндийн спорт монгол хүнд тохирсон спорт, энэ спортоор амжилт гаргана гэж байнга дэмжиж явсан нь намайг спортоо орхиогүй явсанд чухал түлхэц болсон юм. Би спортоор хичээллээд удаагүй байхдаа рекорд амжилтыг 100 болгочих юмсан гэж мөрөөддөг байсан минь биеллээ оллоо. Үнэхээр хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй юм байна. Цаашид ч энэ рекордынхоо тоог нэмж дэлхийн тавцанд, олимпийн тавцанд Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно.

-Нэг үе хүндийн спорт хүнд байдалд орсныг санаж байна. Түүнийг хэрхэн даван туулсан бэ?

-2002-2004 онд энэ спорт хэцүү хүнд үетэй тулгарч байсан. Хөрөнгө мөнгө, санхүүгийн хувьд хүндэрч цаашид хөгжих үү, үгүй юу гэдэг дээрээ тулсан. Гэтэл энэ үед Нарантуул худалдааны төвийн захирал, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу гуай хүндийн өргөлт болон надад маш их тусласан ачтан юм. Аливаа хүн өнгөрснөө заавал санаж байх ёстой. Өнөөдөр би амжилтад, бас зорилгодоо хүрсэн гээд өмнөхөө огт мартаж болохгүй. Тийм учраас миний туулж өнгөрүүлсэн замд аз жаргалтай, бэрхшээлтэй үе ч байсан. Тэр сайхан сэтгэлтэй хүмүүсийг хэзээ ч мартдаггүй. Ялангуяа Сайхансамбуу гуай миний Дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээний зардлыг даасан. Бас штанг ховор байхад Монголд эмэгтэй штангийг авчирч энэ спортыг хөгжихад маш их хувь нэмэр оруулсан.

Д.Нэргүй

Зохиогчийн эрх: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж