АНУ-ын гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байна

АНУ-ын гадаад худалдааны алдагдал сүүлийн 15 сарын оргил хэмжээнд хүрчээ. Эдийн засаг сэргэж байгаа нь үүнд нөлөөлж байгаа бололтой. Худалдааны департаментаас танилцуулсан тоо баримтаас үзвэл импорт, экспортын зөрүү 2.5 хувиар нэмэгдэж, 40.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хямралын дараа хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт нэмэгдсэнийг энэ тоо харуулж байна. Гэвч европын эдийн засаг хямралын байдалд байгаа нь АНУ-ын экспортонд сөргөөр нөлөөлж байгаа бололтой.
Гуравдугаар сард бараа үйлчилгээний импорт 3.1 хувиар өсөж 188.3 тэрбум ам.доллар болсон бол экспорт 3.2 хувиар өсөж 147.87 тэрбум ам.доллар болсон юм. Долларын ханш сүүлийн үед суларч байгаа нь АНУ-ын экспортлогчдод таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч Европын эдийн засгаас болоод долларын ханш буцаж чангарч магадгүй нь. Европын евро хэрэглэдэг, Грекийг оролцуулсан 16 улс АНУ-ын экспортын 15 хувийг эзэлдэг. Гуравдугаар сард 27 гишүүн улс бүхий Европын холбооны худалдааны алдагдал 32.7 хувиар өсч, 7.1 тэрбум ам.доллар болсон. Он гарснаас хойш АНУ-ын худалдааны алдагдал 467.2 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны сүүлд 378.6 тэрбум ам.доллар байснаас 23.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдал гуравдугаар сард 2.4 хувиар өсч, 16.9 тэрбум ам.доллар болоод байна. АНУ-ын аж үйлдвэрлэгчид Barack Obama-г Бээжинг валютын бодлогоо эргэж харахад нь шахалт үзүүлэхийг шаардсаар байгаа хэдий ч энэ бол манай улсын дотоод асуудал гэж Хятад АНУ-ын үзэл бодлыг эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж