талаар цаг үеийн мэдээллийг авлаа. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас
зарим тариалангийн талбай сүйдсэн ч ургац хураалт арвин байх төлөвтэй
байгааг албаныхан дуулгав.
Үр тариа, төмсний тариалалт нэмэгджээ
Энэ удаагийн хаврын тариалалт өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бөгөөд
урьдчилсан байдлаар 364.4 мянган га-д тариалалт хийснээс 304 мянган га
талбайд үр тариа тариалсан байна. Үүнээс улаанбуудайг 294.8 мянган га-д,
төмс 15.2 мянган га, хүнсний ногоо 6.2 мянган га, тосны ургамал 30.1
мянган га, 7.8 мянгад га-д тэжээлийн ургамал 410 га-д жимс, жимсгэнэ
тариалаад байгаа аж. Энэ жилийн тариалалт өмнөх онтой харьцуулахад үр
тариа 16.4 мянган га-гаар, төмс 4.5 мянган га-гаар, малын тэжээлийн
ургамал 4.1 мянган га, тосны ургамал 24.1 мянган га-гаар нэмэгджээ. Мөн
330 мянган га-д чанартай уринш боловсруулахаар төлөвлөж байгаа бөгөөд
өнгөрсөн сарын байдлаар 80 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт
хийгдээд байгаа аж.
Борооны ус зарим тариалангийн талбайг сүйтгэв
Энэ зуны хувьд хур тунадастай, цаг уурын хувьд тариалангийн бүс
нутгуудад харьцангуй сайн байгаа аж. Гэхдээ зургаа долдугаар сард
үргэлжилсэн борооны үеэр тариалалтын ажил саатах тохиолдол гарсан байна.
Тухайлбал ирэх жилийн тариалалтад бэлтгэх уринш болон ургамал
хамгааллын ажлууд саатахад нөлөөлжээ. Мөн зарим аймгийн иргэд, аж ахуйн
нэгжүүдийн гуу жалгын ойролцоо орших тариалангийн талбайг үерийн ус
сүйтгэжээ. Үүнийг эс тооцвол бороо, цаг агаарын байдлаас үүдсэн хохирол
харьцангуй бага байгаа аж. Тиймээс цаашид тохиолдож болох нөхцөлөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа талаар албаныхан хэлсэн.
Үүнтэй холбоотойгоор ургамал хамгааллын асуудлыг чухалчилж байгаа бөгөөд
үргэлжилсэн борооноос үүдэлтэйгээр чийгийн хэмжээ нэмэгдсэн байна
Тиймээс давхар хогийн ургамалтай тэмцэх ажлыг хийж, холбогдох ургамал
хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцөлөөр Тариалан эрхлэлтийг дэмжих
сангаар дамжуулан өгч байгаа аж.
Хэд хэдэн аймаг ургац хураалтын ажлын төлөвлөгөөгөө гаргажээ
Одоогийн байдлаар намрын ургац хураалтын ажлыг онцгой анхаарч, техникийн
бэлэн байдал, шатахууны хүрэлцээ, хангамжийн асуудал, зам гүүрийн
засварын ажил зэргийг хийж байгаа гэнэ. Тухайлбал, зарим аймгуудад ургац
хураалтын ажлын төлөвлөгөөг гаргасан бөгөөд шатахууны хангамжийг хэвийн
байлгах талаар ярилцаж байгаа аж. Энэ жил ургац арвин авах төлөвтэй
байгаагаас улаанбуудайг өнгөрсөн жилийн хэмжээнд буюу 430-440 мянган
тонныг авах боломжтой. Харин төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн
тул энэ жил улаанбуудай болон төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангана
гэлээ. Гэхдээ цаашид найм, есдүгээр сарын цаг уурын нөхцөл ямар байхаас
шалтгаалж ургацын хэмжээ тодорхой болно. Харин энэ жил үрийн чанарт
нэлээд дэвшилт гарсан бөгөөд үрийн цэвэршилтийг анхаарч байгаа аж.
Одоогоор үрийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр
баталгаажуулсан цэвэршүүлэх ажлыг явуулж байгаа юм байна.
Уул уурхайн ашгаас газар тариаланд хөрөнгө оруулалт хийнэ
Манай улсын тариалангийн ургац сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс
салбарын яамнаас тариалангийн салбарт олсон ололт амжилтаа
тогтворжуулж, эрсдэл даах чадварыг сайжруулах зорилгоор бодлого
хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, тариалангийн даатгалын
оновчтой хэлбэрийг бий болгож, уул уурхайн салбараас олж буй ашгийн
тодорхой хувийг газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр
оруулж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх аж. Мөн эрчимжсэн аж
ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний
эзлэх хувийг тогтоож, тариалангийн талбай, ургацыг малаас хамгаалах
эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.
Эх сурвалж: "Монголын мэдээ"