Өнөөдөр Дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа хогны 28 машиныг хороо бүрт гардуулан өгөх ёслол боллоо. Баянзүрх дүүрэг “Хоггүй дүүрэг” болох зорилтын хүрээнд хогны менежмэнтийг боловсронгуй болгож шинэ шатанд гаргаж байгаа анхны дүүрэг болж байна.
Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилгаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү өнөөдөр хороо бүр хогны машинтай болж байгаа юм. Солонгос улсын Хюндай корпорацид үйлдвэрлэсэн 3,5-8 тонны даацтай, түлшний зарцуулалт бага, богино зайд маневр хийдэг, цоо шинэ машинуудыг үйлдвэрээс нь нийлүүлж байна.
Битүү дээвэртэй 10, гаднаа тэвштэй 12, өөрөө буулгадаг бункертэй 6 машин, салангид 24 бункерийг хүлээлгэн өглөө. Ингэснээр 40 хогийн бункерыг хороодод байрлуулан зөөвөрлөх аж.
Урьд нь дүүргийн хэмжээнд 32 машин өдөр бүр хороодод машин гарч 240 тонныг ачиж тээвэрлэж байсан бол одоо нийт 65 машин ажиллах юм. Дүүрэг өөрийн баазад 45 машинтай болж байна.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 24-р хороонд цагаан давааны хогийн цэгийг туршилтын хугацаагаар ажиллуулж эхлээд байгаа юм. Өмнө нь дүүргээс 40 км хол байрлах Улаан чулуутын хогийн цэг дээр хогоо тээвэрлэдэг байсан юм. Харин уг хогийн цэг ашиглалтад орсноор хороодын хогийн өдөрт 3 удаагийн рейсээр зөөвөрлөх боломж бүрдэж байгаа тухай албаны хүмүүс онцолж байна. Цагаан давааны хогийн цэгт хог ангилан ялгах үйлдвэр байгуулж хогийн менежмэнтийг шинэ шатанд гаргах ажил Баянзүрх дүүргээс эхэлж байна.
Баянзүрх дүүрэг нийт 28 хороотой үүнээс 7 байшин хороо, 11 гэр хороолол, 4 гэр байшин хосолсон хороотой юм.