Зам засвар удааширч буйн буруутнаар бороог нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Зам засвар удааширч буйн буруутнаар бороог нэрлэв

Нийслэлд зам засварын ажил сүүлийн хэд хоногт удаашрав. Эхний ээлжийн зам засварын ажил наадмын өмнөхөн дуусч, дараагийн ээлжийнх өчигдрөөс эхлэх байсан ч борооны улмаас хойшилсон байна. Энэ сарын 17-ноос Төрийн ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 200 м замыг хаах байсан ч борооны улмаас түр хойшлуулаад байна. Мөн Сэлбийн урд гүүрийг есдүгээр сарын 7-н хүртэл хааж, Зуун айлын хойд гүүрийг энэ өдрөөс арваннэгдүгээр сарын 30 хүртэл хаах аж. Зам засварынхан ажилчид хоёр ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа боловч бороо орж тэдний ажилд садаа болж байна. Зам засварын ажлын талаар Нийслэлийн автозамын газрын хяналтын инженер Э.Ганболдоос тодрууллаа.

-Зам засварын ажил удаашраад байна гэж яригдах боллоо. Шалтгаан нь юу вэ?

-Баяр наадам боллоо. Мөн борооны улирал эхэлсэнтэй холбоотой. Бороо орсны дараа хоёроос гурав хоног хүлээх шаардлага гарч байгаа. Хэрвээ бороо орохгүй бол долоо хоногийн дотор хийгээд дуусах бололцоотой.

-Зам засварын ажил аль дүүргүүдэд хийгдэж байна вэ?

-Бид тендерийн ажлаа эрт зарлаад наадмын өмнө гол ажлаа нугалсан. Миний хариуцсан Сонгинохайрхан дүүргийн төвийн гол автозамын засвар, “Саппоро”- гоос хойшоо эргэсэн зам, Баянгол дүүрэгт гуравдугаар эмнэлгийн зүүн тал, Замчдын гудамж руу, 25 дугаар эмийн сангаас хойшоо явдаг замын ажил наадмын өмнө дууссан.

-Сүхбаатарын талбайн баруун талын замын засвар дууссаны маргааш бороонд эвдэрсэн гэсэн. Энэ нь юунаас болсон. Ус зайлуулах систем, хоолой байхгүйтэй холбоотой юу?

-Ер нь ус зайлуулах систем манай Улаанбаатар хотод бага байгаа л даа. Зам болгон ус зайлуулах системтэй байх ёстой. Одоогоор манайд бүрэн ажиллаж байгаа ус зайлуулах систем алга. Нийслэлийн төсөв хүрэлцээ муутай шүү дээ. Ус зайлуулах систем бол маш их хөрөнгө зарцуулдаг байгууламж. Доошоогоо хоёроос гурав метр ухаж труба суулгана, тэгээд буцаагаад хучилт хийдэг. Манайд Японы төсөл хэрэгжиж ус зайлуулах талаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ус зайлуулах систем хойшид хийгдэх байх. Ард иргэд ч үүнийг шаардаж байна.

-Баянхошууны зам маш олон жил яригдаж байгаа. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Баянхошууны автозам үнэхээр муудсан л даа. Энэ зам дээр Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр ажил гүйцэтгэх учиртай. Би тодорхой мэдэхгүй байна. Харин “Саппоро”-гоос Таван шар хүртэлх автозамын засварын ажил явагдаж байна. Хашлагуудаа авч сууриа бэлтгээд ажил үргэлжилж байна.

-III, IV хорооллын замыг нөхөж байсан дууссан уу?

-Гэмтлийн эмнэлгийн арын замд урсгал засварын ажил хийгдэж байгаа. Энэ замд хөдөлгөөн бага зэрэг сааталтай, иргэд гомдолтой байх шиг байна. Зам засварын ажлыг зургадугаар сарын 19-нд эхлүүлсэн. Бороо л засварын ажилд хүндрэл учруулж байна. Цаг агаарын хүчин зүйлийг бид шийдвэрлэж чадахгүй шүү дээ. Мөн эхний тендерийн үед компани орж ирээгүй учраас засварын ажил цаг хугацааны хувьд оройтож эхэлсэн.

Д.ХИШИГ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж