-Танай компанийн инженерүүд бага оврын цэвэрлэх байгууламж бүтээжээ. Энэ байгууламжийг юунд ашиглах зориулалттай юм бэ?
-Энэ бага оврын бохирын цэвэрлэх байгууламж нь өдөрт 10 метр куб усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Бохир усыг 92-98 хувь хүртэл цэвэрлэнэ. Энэ байгууламжийн гол хэрэглэгчид нь уул уурхай, аялал жуулчлалын баазууд байна. Мөн хөдөө орон нутгийн цэцэглэг, сургууль, хотхон, хаус гээд төвийн шугамнаас алслагдсан объектууд юм. Бүтээгдэхүүний онцлог бол говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхай кэмпүүдэд илүү тохиромжтой. Яагаад гэвэл говийн хөрс их онцлогтой л доо.
-Энэ талаараа тодорхой ярихгүй юу. Говийн хөрс ямар онцлогтой байдаг юм бэ?
– Говийн хөрс хатуулаг ихтэй, мөн цэвэр усны нөөц хомсдолтой байдаг. Гэтэл уул уурхайн компаниуд ихэвчлэн говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт хэдэн зуун тонн ус хэрэглэдэг учраас маш өндөр зардалтай. Тиймээс говьд ус чандмань эрдэнэ юм. Харин манай инженерүүдийн зохион бүтээсэн бага оврын бохирын цэвэрлэх байгууламжийг хэрэглэснээр цэвэршүүлсэн усаа хоёр дахь хэрэглээнд ашиглаж, усанд зарцуулж байгаа зардлаа хэмнэх боломжтой. Тухайлбал, говьд литр ус 30-40 төгрөг байдаг. Нэг уурхай өдөрт 200,000 литр ус хэрэглээд 50 хувийг нь цэвэршүүлээд буцаагаад ашиглана гэвэл уснаас өдөрт гурван сая төгрөг хэмнэж байгаа юм. Тэгэхээр жилд тэрбум гаруй төгрөг хэмнэх боломжтой.
-Бага оврын цэвэрлэх байгууламжийг ажлуулахад боловсон хүчний асуудал яригдах байх. Ер нь хэрэглэхэд хэр хялбар вэ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тиймээс манай компани боловсон хүчний сургалтын асуудлыг давхар шийдэж байгаа. Манай мэргэжилтнүүд бага оврын бохирын цэвэрлэх байгууламжаа өөрсдөө суурьлуулж өгөөд 1-2 жилийн баталга өгнө.
-Энэ цэвэрлэх байгууламжийг Монголдоо үйлдвэрлэж байгаа юу. Байгаль экологид ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?
-Тийм, манай компани бохирын системийн асуудлыг шийдэхдээ аль болох төмөрөөс зайлс хийж, төмрийг орлуулдаг хуванцар материалыг сонгож байгаа. Төмөр тодорхой хугацааны дараа зэвэрч, цоорох сөрөг нөлөөтэй. Харин хуванцар материал урт удаан хугацааны эдэлгээтэй, ашиглалтын явцад ямар нэгэн сөрөг нөлөөгүй, найдвартай, бат бөх байдаг учраас хуванцрынхаа үйлдвэрт бүтээгдэхүүнийхээ их биеийг угсарч, инженерүүд баталгааны схемчлэлийн дагуу Монголдоо угсардаг. Байгаль экологид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харин ч хөрсний бохирдлоос сэргийлнэ.
-Ер нь манай улсад бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглах явц ямар шатандаа явж байгаа вэ. Шинэ зүйл үү, эсвэл…?
-Дэлхий нийтэд цэвэрлэх байгууламж ерөнхий нэг технологитой. Уг технологиос салаалсан хэд хэдэн шийдэлтэй байдаг. Манай компанийн хувьд хамгийн сүүлийн үеийн молекулын түвшинд шүүдэг мембрами шүүлтүүр тавьж өгснөөр илүү дэвшилттэй гэдгийг онцолж хэлмээр байна. Одоогоор хэд хэдэн газар захиалгаа өгөөд бид хамтран ажиллахад бэлэн болоод байна.