Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль “Алтан дундаж” уу

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль “Алтан дундаж” уу

Элизабет Эллис (Минтер Эллисон хуулийн фирмийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал)

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийг (Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль) дэмжиж буй УИХ-ын гишүүд болон бусад төлөөлөгчид Монголын энэхүү шинэ хуулийн тогтолцоо нь Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл бүхий /ГХОХЗ/ тогтолцоотой ихээхэн төстэй болсон гэж хэлж байв.

Доорх хүснэгтэд харуулсанчлан шинэ хуулийн хэд хэдэн концепц, үзэл баримтлал Австралийнхаас авч ашигласан тал байгаа ч үндсэн ялгаанууд бас оршиж байна.

Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь бараг тавин жил мөрдөгдөж ирсэн юм. Учир нь Засгийн газрын бодлогын ил тод байдал,  ГХОХЗ нь хоёр намын төлөөллөөс бүрдсэн байдаг,  хөрөнгө оруулалтаас татгалзсан  тохиолдол тун цөөн байсан зэрэг нь олон улсын хөрөнгө оруулагчдад өргөн барьсан хөрөнгө оруулалтын саналыг нь шалгах, зөвшөөрөх үйл явц шударга үнэн явдаг гэдэгт итгэлтэй байх хөрс болдог ажээ.

Монголын шинэ хуулинд тусгагдаагүй зарим нэг нэмэлт үзэл баримтлалууд Австралийн уг хуулийн тогтолцоонд байдаг нь Австрали улсыг гадаадын хөрөнгө оруулалтад нэлээд найрсаг ханддаг улс орон болгох хүчин зүйлс болдог гэж хэлж болно.
Үүнд дараах үзэл баримтлал багтсан байдаг:

–    Мэдэгдэх ба батлах: Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтад Засгийн газрын зөвшөөрөл шаардлагагүй. Харин уг хуулиар санал болгосон тодорхой хөрөнгө оруулалтын талаар зайлшгүй мэдэгдлийг шаарддаг. Мөн Австралийн Засгийн газар 30 хоногийн дотор /хугацааг сунгаж болно/ тухайн санал болгосон хөрөнгө оруулалтыг үндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг тодорхойлно. Эсрэгээр Монголын шинэ хуулийн дагуу уг хуулийн хүрээнд хамаарах бүхий л хэлцэл тохиролцоог аль ч тохиолдолд Засгийн газар, зарим тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой. Энэхүү процессын талаар нарийвчилсан зохицуулалтууд хараахан боловсрогдоогүй боловч шинэ хуулиар 95 хоногийн дотор тухайн саналыг батлах талаар тодорхой шийдвэр гаргахаар заажээ.

–    Босго: Хуулийн ерөнхий зохицуулалтаар бол Австралид гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газарт мэдэгдэлгүйгээр бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж болно. Учир нь ихэнх төрлийн хөрөнгө оруулалтад босго тогтоосон байдаг.  Тухайлбал бизнесийн аж ахуй нэгжүүдэд 244 сая австрали доллараас бага буюу бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй тохиолдолд Засгийн газраар батлуулах шаардлагагүй. Гэхдээ гадаадын төрийн өмчийн компаниудын ямар ч хөрөнгө оруулалт нь Засгийн газраар хянуулж батлуулсан байх шаардлагатай юм. Монголын хуулиар мөн адил гадаадын төрийн өмчийн компаниудын хөрөнгө оруулалтыг Засгийн газар урьдчилан баталсан байх тухайд хуульчилсан боловч Австралийн хуулиас ялгаатай нь гадаадын хөрөнгө оруулалт Засгийн газраар зөвшөөрөгдөх шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын ямар хэмжээний босго байхыг тодорхой заагаагүй юм. Тухайн арилжаа нь 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эсвэл тухайн худалдаж авах компанийн 49-өөс илүү хувийг эзэмших байвал УИХ-аар, үүнээс бусад тохиолдлын Стратегийн хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд хамаарах ямар ч гадаадын хөрөнгө оруулалт нь хэмжээнээсээ үл хамааран Засгийн газраар батлагдсан байх ёстой)

–    Зөрчилт үр дагаврыг “эерүүлэх нь”: Тухайн хөрөнгө оруулалт нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд Австралийн Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтыг хүчингүй болгох эрх бүхий зохицуулалт бий. Энэ нь тухайн хөрөнгө оруулагчид илүү сайн үр дүн авчрах боломжтой юм. Учир нь энэ нь тухайн хөрөнгө оруулалтыг өөр хөрөнгө оруулагчид худалдах боломжийг олгодог. /жишээ нь: Засгийн газрын зөвшөөрлийг авч чадахуйц дотоодын эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж болно/ Тухайн хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгө оруулалтыг ашиггүй болгож, өөрийн эзэмшиж буй бүх эрхээ алдаснаас /энэ нь Монголын шинээр батлагдсан хууль одоогийн байдлаар ингэж ойлгогдохоор байгаа/ дээрх шийдвэртэй алхмыг хийх нь ашигтай юм. 

Зөвхөн Монгол төдийгүй хөрөнгө оруулалтын хууль шинээр батлах гэж буй аль ч улс орны хувьд тухайн хууль нь одоогийн буй, мөн ирээдүйн боломжит гадаадын шинэ хөрөнгө оруулалтад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлж чадсан байх ёстой юм. Эсвэл Засгийн газар шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих эсэхийг тодорхойгүй болгохгүй байх ёстой.

Австралид хийгдсэн Хятадын төрийн өмчийн компаниудын зарим хөрөнгө оруулалтын талаар

Хятадын хөрөнгө оруулагчдад Австралийн гадаадын хөрөнгө оруулалтыг хянах хууль, бодлого бусад орны хөрөнгө оруулагч нартай адил үйлчилдэг. Гэхдээ Монголын шинэ хуулийн адилаар тухайн хөрөнгө оруулалт нь гадаадын Засгийн газар эсвэл түүнтэй холбоотой бизнесийн аж ахуй нэгжээс эх үүсвэртэй хөрөнгө оруулалт мөн эсэхэд ялгаатай ханддаг.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹007  дугаараас уншина уу.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж