Алдартай хүүхдүүдийн анхны алхам

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Алдартай хүүхдүүдийн анхны алхам

Дэвид Бекхэм, Виктория нарын ганц охин Харпер хөлд орсон гэнэ. Дөнгөж нэг ойтой ч гэсэн Их Британийн хатан хаанаас ч дутуугүй нэр алдартай болж амжсан Харпер Ирландын Дублин хотод ээжийнхээ загварын шоуны үеэр тайзны анхны алхааг хийж үзүүлжээ. Цэнхэр даашинз, хар ботинкоор  гангарсан бяцхан алдартан Браун Томасын их дэлгүүр дотор ээжийнхээ гараас хөтлөн алхахдаа алхааг нь арай ядан гүйцэж байжээ. Их Британийн алдартнуудын жагсаалтыг тэргүүлсэн бяцхан охины төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Харпераас өөр дөнгөж хөлд орсон бяцхан алдартан бол “Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр, Их Британийн царайлаг жүжигчдийн нэг Орландо Блум нарын ганц хүү Флинн. Австрали гаралтай загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй саяхан хүүгээ гоёж гоодож аваад Нью Йоркийн Манхеттэн дэх гэрээсээ гарсан гэнэ. Хаана ч явсан ээждээ тэврүүлж явдаг Флинн харин энэ удаа ээжээсээ хөтлөн алхаж, том болсон гэдгээ харуулжээ. Флинн саравчтай малгай тавьж, хөөрхөн цүнхээр гангарсан байжээ. Миранда Керр, Орландо Блум хоёр саяхан хуримынхаа хоёр жилийн ойг тэмдэглэсэн байна.

Харин шоу бизнесийн ертөнцийн хамгийн алдартай хүүхдийн нэг бол дуучин Бейонсе, рэппер Jay-Z нарын охин, дөнгөж зургаан сартай Blue Ivy. Төрсөн даруйд нь л хүмүүс охины нэрээр бизнес хийж эхэлсэн тул аав ээж нь нэрийг нь хуулиар хамгуулахад хүрсэн билээ. Дуу хөгжмөөс түр завсарлаг авч охиноо харж буй дуучин Бейонсе  саяхан Манхеттэнд дэлгүүр хэсэхдээ охиноо тэвэрч явсан бөгөөд Blue Ivy-ийн үс нэлээд ургасан байсан гэнэ. Харин залуу ээж саяхан үсний засалтаа хуучин “Destiny"s Child” хамтлагт байсан үеийнх шигээ засуулсан гэнэ.

Холливудын хамгийн алдартай хос гэгдэж байсан Том Круз, Кэти Холмс нарын охин Сури төрсөн цагаасаа камерын хараанд өртөж, олны нүдэн дээр өссөн билээ. Гэвч ээж аав нь салснаас хойш хувь тавилан нь ээдрээтэй болж эхэлсэн Сури саяхан аавтайгаа уулзаж, нисдэг тэргээр зугаалсан гэнэ. Том Круз охиноо алдартнуудын хүүхэд сурдаг шинжлэх ухаан, шашныг хослуулсан хатуу сахилга баттай сургуульд явуулахыг хүсдэг бол Кэти түүнийг бусад хүүхдийн адил жирийн сургуульд явах эрхтэй гэж үздэг. Том Кэтигийн салах өргөдлийг хүлээн зөвшөөрсөн ч Суриг өөр дээрээ авахыг хүсч байгаа гэнэ лээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж