Цусны өвчин үүсэхэд химийн гаралтай хүнс нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Цусны өвчин үүсэхэд химийн гаралтай хүнс нөлөөлдөг

Сүүлийн үед манай улсад цусны өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай өсч байна. Энэ өвчний талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын клиникийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

-Хүмүүс цусны өвч­нийг ХДХВ-ын дараа орох аюултай өвчин гэж ярьдаг. Гэвч энэ нь яг ямар өвчин болох, яагаад хүний амь насанд хүрэх аюултай байдгийг тэр бүр мэддэггүй?

-Цусны өвчин гэдэг нь хүнд байх ёстой цусны эрүүл эсүүд хавдрын эсээр солигдож байна гэсэн үг. Тодруулбал, эрүүл хүний биед байх ёсгүй залуу хавдрын эсүүд цусанд орж, нас бие гүйцсэн эсийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, эмгэгээр олширсны улмаас үүсдэг өвчин. Цусны өвчин нь дотроо цусны төрөл бүрийн хавдрууд, цус гоожих эмгэгүүд, цус багадалт гэсэн үндсэн гурван бүлэгт хуваагддаг. Тухайлбал, хамар, ам, нүд, чих зэргээс цус гарах нь цус гоожих эмгэгт хамаарна. Цус багадалт л гэхэд олон янзын шалтгаантай. Эдгээрээс хавдар нь хамгийн их өсч байгаа эмгэг өвчин.

-Энгийн үед хамраас цус гарах нь цусны өвчин биш биз дээ?

-Цус гоожих эмгэг болон цусны хавдрын үед хамраас цус гарч болно. Ерөнхийдөө цус гоожих эмгэгт хамаарна. Цус гоожих эмгэг нь дотроо олон янз. Зөвхөн хамраас ч биш ам, нүд, шулуун гэдэснээс эхлээд бүх газраас цус гарч болно. Тууралт хэлбэрээр ч байж болдог. Яах вэ, хүний хамрын дотор байгаа судаснууд эмзэг учраас цусны өвчин туссан үед хамгийн түрүүнд хамраас цус гарч мэдэгддэг. Гэхдээ тэр болгоныг цусны өвчин гэж үзэхэд хэцүү. Тиймээс хамраас цус гарсан тохиолдолд эмчид яаралтай үзүүлж, шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Сүүлийн үед энэ өвчнөөр шаналж буй хүн олширч байгаагын шалтгаан нь юу юм бол?

-Сүүлийн таван жилийн судалгааг өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад энэ өвчин 7-8 дахин ихэссэн байдаг. Бүх төрлийн хавдар өсч байгаа тэр дундаа цусны хавдар сүүлийн 10 жилийн дотор эрс өсч байна гэсэн судалгаа бий. Одоо ойролцоогоор цусны хавдартай 100 гаруй онош байна. Цусны өвчин ихэсч байгаа нь хэд, хэдэн учир шалтгаантай. Хамгийн гол нь бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд баталгаа алга. Гадаадаас оруулж ирж байгаа янз бүрийн жимс, ногоонууд болон генетикийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх нөхцөл болж байна.

Дараагийн нэг шалтгаан нь утаа. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс өвлийн турш угаараар амьсгалдаг. Энэ нь хавдар үүсгэх гол шалтгаан.

-Тэгвэл анагаах ухааны үүднээс уг өвчинг үүсгэдэг өөр шалтгаан бий юу?

-Мэдээж цусны өвчин үүсгэх гадаад, дотоод хүчин зүйлүүд гэж бий. Хавдрын ген гэж хүн болгонд байдаг. Энэ ген нь байнга идэвхждэг бөгөөд түүнийг дарангуйлж байдаг өөр генүүд бас байна. Хүнд энэ хоёр ген харилцан тэнцвэртэй байх ёстой. Гэхдээ төрөлхийн идэвхтэй гентэй хүмүүс байдаг. Үүн дээр нэмэгдээд түрүүчийн хэлсэн гадны хүчин зүйлүүд нөлөөлөхөөр хүмүүс хавдраар өвчлөх нь амархан болчихдог.

-Та орчин, хоол хүнс нөлөөлдөг гэлээ. Насаараа хөдөө цэвэр агаарт мал малласан хэрнээ өвчилчихсөн хүн байна. Энэ хүн тэгэхээр юунаас болж өвчилсөн гэсэн үг вэ?

-Дээр хэлсэнчлэн хавдрын идэвхтэй гентэй хүн байж болно. Тийм хүн жинхэнэ байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, малынхаа махыг идэж байгаа ч гэсэн хавдраар өвчлөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, тухайн хүний генийн онцлог гэсэн үг.

-Цусны өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Халдварт өвчин шиг урьдчилан сэргийлэх арга бараг байхгүй. Харин жилд нэгээс хоёр удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь чухал.

-Тодорхой шинж тэмдэг илрэх үү?

-Анх үүсэхэд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Ерөнхийдөө бие сульдах, ядрах, дархлаа суларснаас болж ханиад, томуу хүрэх, хааяа биеэр хөх толбо туурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн хамар, буйлнаас цус гарах, эсвэл ямар нэгэн халдварт өвчинд өртөмтгий болдог. Хэрэв шалтгаан нь тодорхойгүй халуурч, ядарч, сульдах тохиолдол гарвал заавал шинжилгээ өгч оношоо тодруулах хэрэгтэй.

Харамсалтай нь, биедээ анхаарал тавьдаггүй, хүнд ажил хийдэг ч юм уу, зав чөлөө муутай хүмүүс анзаарахгүй явсаар өвчнөө хүндэрчихсэн үед нь эмнэлэгт хандах тохиолдол их байдаг. Ингэж оройтсон үед эмчилгээ авахдаа муу бөгөөд тухайн хүний хувьд ер нь цаашид амьдрахад хэцүү болно гэсэн үг.

-Удамших тохиолдол байдаг уу. Магадгүй цусны өвчтэй эхээс төрсөн хүүхдэд ч юм уу?

-Зарим төрлийн цусны өвчин удамшина. Бэлгийн “х” хромсомоор удамшина. Энэ нь зөвхөн эрэгтэй хүнд илэрдэг. Харин эмэгтэй хүмүүс тээгч болно. Хэрэв нөхөр нь цусны өвчтэй бол тэднээс гарсан эмэгтэй хүүхэд нь тээгч болоод, эрэгтэй хүүхэд нь цусны өвчтэй болдог гэсэн үг.

-Насны хувьд өвчлөх магадлал ялгаатай юу?

-Ихэвчлэн хөдөлмөрийн насны залуу хүмүүс өвчилдөг. Хүүхдүүдэд ч бас тохиолдоно. Тухайн наснаасаа хамааран өөр өөр өвчлөлүүд илэрдэг.

-Тэгэхээр залуус их өвчилдөг гэсэн үг үү?

-Одоо манайд хэвтэж, эмчлүүлж байгаа цусны хавдартай хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуус байна.

-Ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Гол эмчилгээ нь химийн эмчилгээ. Дараа нь чөмөг шилжүүлэн суулгах зэрэг олон эмчилгээ байдаг. Цусны яг ямар өвчин гэдгээсээ хамаараад өөр өөр эмчилгээтэй байна.

-Цусны өвчин бүрэн эмчлэгддэг үү. Нас баралт хэр их байдаг вэ?

-Зарим нь бүрэн эмчлэгдэх тохиолдол байгаа. Өвчний хэлбэр болон эрт, орой оношлогдох зэргээсээ хамаардаг. Харамсалтай нь, нас баралт өндөр хувьтай байна. Ер нь хавдрууд дундаа хамгийн өндөр эрсдэлтэйд ордог нь цусны өвчин. Жишээ нь, элэг, уушигний хавдрыг авч болдог. Цусны хавдрыг авах ямар ч боломжгүй. Бас химийн эмчилгээгээр эмчилдэг учраас гаж нөлөө ихтэй байна.

-Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар нэгэн хоолны дэглэм барьдаг уу?

-Нэг их айхтар хоолны дэглэм барих нь ч юу юм. Гэхдээ хурц, халуун ногоотой, өөх тостой зүйл хэрэглэхгүй байх гэсэн нийтлэг дэглэм бий.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж