Сонгуулийн хууль зөрчигдсөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль зөрчигдсөн үү?

З.Энхболд: Шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх хэнд ч байхгүй


УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоогоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдод мөнгө, архи тарааж Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Хан-Уул дүүргийн шүүх тогтоож, шийдвэр гаргасан. Үүнийг “шүүх нэг талд үйлчиллээ, шийдвэрээ хурдан гаргалаа” гэсэн эсэргүүцлийг МАН-ын зүгээс хэлж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтууд нь хуулийн байгууллагуудыг ердийн үеийнхээсээ илүү хурдан шуурхай ажиллахыг шаардаж байгаа. Жишээ нь, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх ёстой. Шүүх хуулийн энэ заалтын дагуу л ажилласан. Түүнээс биш хэн нэгэнд үйлчлээд хурдлаад байсан юм байхгүй. Хан-Уул дүүргийн шүүх сайн ажиллаж, зөв шийдвэр гаргасан. МАН-аас нэр дэвшигчид улаан цагаан архи, мөнгө тарааж, хууль зөрчсөнийг харсан хүмүүс байгаа. Тэд шүүхэд мэдүүлэг өгч гэрчилсэн, нотлох баримтууд нь хангалттай бүрдсэн. Тиймээс одоо шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа аль нэг Ардын намын бүлгийн дарга шүүхийн шийдвэрийг буруу байна гэж хэлэхээр түүнд нь шүүхийн шийдвэрийг нийцүүлдэг байдал олон жилийн өмнө өөрчлөгдсөн ардчилсан нийгэмд бид амьдарч байна. 

-Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн асуудлуудыг яагаад хуулийн байгууллага шуурхай шийдсэнгүй вэ?

-Ер нь бол хуулийн байгууллагууд, сонгуулийн тойрог, хэсгийн хороод сурталчилгааны явцад гарсан алдаануудыг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр хуульд заасны дагуу ажиллаж чадаагүй. Гэхдээ сонгуулийн дараа зөрчил гарсан хэд хэдэн тойргийн дүнг өргөн бариагүй нь хожуу ч гэсэн үр дүн. Мөнгө, архи тарааж байгаад гишүүн болчихдог бол сонгууль гэж хийх шаардлага байхгүй шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын хоёр нэр дэвшигч мөнгө, архи тараасан асуудлыг шүүхээр тогтоолго гэдэг албан бичиг хүргүүлсэн. Тэр дагуу шүүх тогтоосон. Тэгэхээр одоо буруутай үйлдэл хийсэн хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасаад, дахин шийдвэрээ гаргаад явах зам л үлдсэн байгаа.

-Тухайн үед сонгуулийн аравдугаар тойргийн хороонд Өвөрхангай аймгийн АН-аас гомдол гаргасан ч шийдвэрлээгүй юм билээ. Тойргийн хороо шийдвэр гаргаад явсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан уу?

-Нэгэнт хууль зөрчсөнийг тогтоосон бол хасах ёстой. Хасаагүй учраас даамжирсан. Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хүмүүст эсвэл МАН гэдэгтээ асуудал байгаа юм биш. Ерөөсөө л улс даяар хууль хэрэгждэг байх ёстой. Архи, мөнгө тарааж гишүүн болж таарахгүй. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд бараа тараасан хүмүүсийг бүх шатанд нь хасах заалт хуульд бий. Өөрөөр хэлбэл, горилогч байхдаа хууль зөрчсөн бол нэр дэвшигчээр бүртгэхгүй байх, бүртгэсний дараа хууль зөрчсөн бол хүчингүй болгох заалттай. Хэрэв саналын хуудас хэвлэгдсэний дараа хууль зөрчсөнийг нь тогтоож нэрийг нь татсан бол саналын хуудсан дээрх нэрийг дарна. Санал хураалт дууссаны дараа нэрийг нь өргөн барихгүй бол, жишээ нь Өвөрхангай аймгийнх шиг тохиолдолд олгосон түр үнэмлэхийг нь хүчингүй болгоно. Нэрийг нь өргөн барьснаас хойш шүүхийн шийдвэр гарлаа гэхэд мөн л нэрийг нь татах хариуцлага тооцох юм.

-Увс аймагт мөнгө тарааж хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчид тангараг өргөсөн. Өөр бас хэд хэдэн тойрогт маргаантай байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь сонгуулийн өмнө, дундуур мөнгө, эд бараа тараасан хуулийн зөрчил их гарсан. Увсад аймагт айл бүрт 100 мянган төгрөг тарааж, энэхүү сонгуулийн авлигаа түрээсийн гэрээгээр халхавчилж байгаад баригдсан ч хууль зөрчсөн нөхдүүд гишүүн болоод тангараг өргөчихлөө. Гэхдээ хэргийг хуулийн байгууллага шалгаад тогтоовол энэ хүмүүсийн нэрийг татна. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь олон хүнийг хамарсан, тараасан эд зүйл нь их хэмжээнийх байвал энэ нь Эрүүгийн хуульд зааснаар төрийн эсрэг гэмт хэрэг болно. Өнөөдрийн тухайд” төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан гэмт хэрэг” гэсэн зүйчлэлээр Увс, Орхон аймагт хууль зөрчсөн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхярваа албан тушаалаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 263.2-оор шалгагдаж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж нэр дэвшсэн тойрогтоо т илүү мөнгө тараасан гэдэг үндэслэлээр. Энэ мэтчилэн эрүүгийн хэргийн процесс нь дундаа явж байгаа хэд хэдэн хүн гишүүн болчихлоо. Гэхдээ үүнийг хуулийн байгууллага “гишүүн болчихлоо, баяртай” гээд орхихгүй. Үргэлжлүүлээд шалгаад, хариуцлага тооцоод явна.

-Тэгэхээр цаашид сонгуулийн хууль зөрчсөн тойрог бүрт хуулийг хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн хуулийн дагуу л ажиллах шаардлагатай. Буруутай, хууль зөрчсөн нөхдүүдийг нэрсийн жагсаалтаас хасахаар дараагийн хүмүүс нь орж ирэх ёстой. Хэн гишүүн болох нь дөрөв, тавдугаар зэргийн асуудал. Хууль хэрэгжих нь чухал. Мөнгө тараасан нь гишүүн болох уу, хуулиа мөрдсөн нь гишүүн болох уу гэдэг асуудал чухал.

Р.Гончигдорж: Хан-Уул дүүргийн шүүх шийдэх ёсгүй гэж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүйдээ биш өөр зорилготой

УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр зарим тойрогт хууль зөрчсөн асуудал олны анхаарлын төвд байна. Тэр дундаа аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийг шүүх тогтоосон билээ. Маргаан, хэл ам дагуулж буй энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Өвөрхангайд хууль зөрчсөн асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэх нь буруу гэдэг тайлбарыг зарим хүн хэлж байна. Хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллын тухайд хуулийн ямар заалт байдаг юм бэ?

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг шийдвэрлэх хоёр харьяалал байдаг. Тухайн үйл явдал болсон нутаг дэвсгэрийн шүүх, эсвэл уг үйл явдлын талаар гомдол гаргаж байгаа иргэний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүх асуудлыг шийдэх эрх, үүрэгтэй. Өвөрхангайд МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн талаархи гомдлыг гаргасан иргэн нь Хан-Уул дүүрэгт амьдардаг учраас дүүргийнхээ шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хандаж шийдвэрлүүлсэн асуудал. Тиймээс таны асуусан шиг тайлбарыг хэлж буй хүмүүс хуулиа мэдэхгүйдээ биш харин тийм ойлголт төрүүлж, асуудал үүсгэх зорилготой гэж ойлгож байгаа

-МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийж “шүүх нэг хүнд үйлчилж байна гэж, хэтэрхий хурдан шийдлээ” гэж хэлсэн. Ингэхэд шүүхийн шийдвэр гэж юу вэ. Шүүхийн шийдвэр удаан хугацаанд гарах ёстой юм уу. Ер нь хэн нэгэн шүүхийн шийдвэрийг дүгнэх эрхтэй юу?

-Шүүх бол хараат бус, бие даасан. Энэ утгаар аливаа асуудлыг шийдвэрлэхэд хөндлөнгийн ямар ч нөлөө,  оролцоо байдаггүй. Тэр тусмаа хэн нэг албан тушаалтан, аль нэг улстөрийн нам шүүхийн шийдвэрийг үнэлж дүгнэх, өөрийнхөөрөө асуудалд хандах нь  Үндсэн хууль болон бусад хуулиар хориотой.
Шүүх хурдан шийдлээ гэдэг шүүмжлэл зохисгүй. Харин ч шүүх нотлох баримт хангалттай гэж үзвэл шийдвэрээ шуурхай гаргах ёстой. Шүүх шуурхай ажиллаж байгаад талархах хэрэгтэй болохоос гомдох нь утгагүй. Ер нь тэгээд шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан бол  бусад шийдвэр тэр хүрээнд байх учиртай. Сонгуулийн ерөнхий хорооны дарга байр сууриа илэрхийлсэн байгаа шүү дээ. “Шүүхийн шийдвэр гарсан учраас Сонгуулийн тухай хуулийн дагуу МАН-аас нэр дэвшигчдийг нэрийг өргөн бариагүй” гэж. Аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид мөнгө, архи тараасан, сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ бүх зөрчил нь нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болно. Хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж тогтоосон цаг хугацаанаас хамаарч нэрсийн жагсаалтаас хасах шатлалууд бий. Бүртгэхгүй байх, сонгуулийн явцад нэр татах, санал хураалт дууссаны дараа түр үнэмлэхийг нь хураах гээд. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг өргөн барихдаа хууль зөрчигчдийн нэрийг оруулаагүй. Энэ бол хэтэрхий ойлгомжтой зүйл. Манай намын нэр дэвшигчид энэ асуудалд хохирогч болсонд асуудал байгаа юм биш.

Бид сонгуулиар төрөө байгуулдаг. Төр байгуулахын үнэ цэнэ бол ард түмэн төр барих эрхээ эдлэх боломж. Тиймээс сонгууль нь нэгдүгээрт, нийтийн байх, хоёрдугаарт, шууд байх, гуравдугаарт, шударга байх ёстой. Сонгогчид шударгаар төрөө байгуулах эрхтэй. Энэ чиглэлээр УИХ-ын сонгуулийн тухай хууль маш том алхам хийсэн. Сонгогч чөлөөтэй, шударга сонголт хийхэд саад учруулж, санал өгөх эрхийг нь худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тараасан бол  сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх заалт хуульд бий. Хариуцлагын тогтолцоог хуульд тодорхой  зааж өгсөн байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өөрийнхөөрөө дүгнэж, хэрэгжүүлэхгүй байх эрх хэнд ч байхгүй.

-Аль намын нэр дэвшигч вэ гэдэг нь чухал биш харин сонгогчдын сонгох эрхэнд халдахгүй байх ёстой гэсэн үг үү?

-Би байнгын ажиллагаатай парламентад зургаа дахь удаагаа сонгогдож байна. Миний  хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн сонгох, сонгогдох эрх. Түүний дараа нам, бусад зүйл эрэмбэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сонгогчдын  чөлөөтэй сонгох эрх хангагдсан байх ёстой. Хууль зөрчсөн л бол аль ч намын нэр дэвшигч байсан би хариуцлагын тухай ярина. Ерөөс  нэр дэвшигчийн эрх ашгаас сонгогчдын эрх ашиг дээгүүр юм.

-Цаашид яах бол гэдэг хүлээлт олны дунд байна. Шүүх шийдвэрээ гаргачихсан, одоо яах ёстой вэ?

-Аливаа зүйл зөв эхлэх ёстой. Энэ сонгуулиар иймэрхүү зөрчлийг таслан зогсоож, хариуцлага тооцож чадвал намар болох орон нутгийн, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль, мөн дараа дараагийн сонгуульд нэр дэвшигчид “хууль зөрчиж болдоггүй юм байна” гэдгийг ойлгоно. Хуулийн сахилга бүрдэнэ. Сонгуулийн хуулийг баталсан хүний хувьд энэ л хамгийн үнэ цэнэтэй гэж хэлнэ. Хэрэв энэ удаа хариуцлага тооцож чадахгүй бол бидний өнөөх бүрдүүлэх гэж хичээсэн шударга сонгууль, хуулиа хэрэгжүүлдэг тогтолцоо үгүй болно.

УИХ-ын 2012 оны сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хороог төрийн албан хаагчдаас бүрдүүлсэн нь ч утга учиртай. Цаад утга нь бид төрөө байгуулж байгаа. Төр байгуулж байгаа ажлыг төрийн албан хаагчид зохион байгуулах ёстой. Хэрэв хууль зөрчвөл төрийн албан хаагчийнх нь хувьд хариуцлага хүлээлгэх заалттай. Бид өнөөдөр төрөө байгуулах үйл явц дээр хэнд итгэх ёстой юм. Төрийн албан хаагчдад л итгэх ёстой гэдэг сонголтыг шинэ хуулиар хийсэн.

-Гэхдээ л аравдугаар тойргийн хороо хуульд зааснаар шийдвэр гаргалгүй өнөөг хүрлээ шүү дээ…?

-Нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тойргийн хороо олгосон түр үнэмлэхээ хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой. Шүүхийн шийдвэр гарсаар байтал тойргийн хороо өөрсдийн эс үйлдлээр, эсвэл мэдсээр байж хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцох заалттай.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж