Монголын нүүрсэнд ирээдүй бий юү

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Монголын нүүрсэнд ирээдүй бий юү

Манай улсын эдийн засгийн зүтгэх хүч нь нүүрс. Тиймээс улсын төсвийн орлогод зэс бус нүүрс жин дарах боллоо. Гэрлийн хурдаар нүүрсний экспорт нэмэгдэж, гадаад худалдааны 98.5 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзлэх болов. Тодруулбал, чулуун нүүрс нийт экспортын 46.8 хувийг бүрдүүлж байна. Өнөөдөр нүүрсний салбарт төрийн өмч давамгайлсан “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компани, орон нутгийн өмч давамгайлсан жижиг гэх тодотголтой “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойн гол” хувьцаат компани, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Тавантолгой” хувьцаат компани, “Энержи ресурс” ХХК, “МАК”, “Чинхуа-МАК-Нарийн сухайт”, “Саусгоби Сэндс” ХХК зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тэд улсдаа хамгийн өндөр татвар төлөгч, нийгмийн хариуцлагатай эдийн засгийн тулах хүч, олон мянган хүнийг ажлын байраар ханган шингээх чадвартай, өндөр цалин олгогчид. Зөвхөн нүүрсээ түүхийгээр болон хагас боловсруулсан байдлаар нь Хятадад зараад зогсохгүй, түүнтэйгээ тэнцэхүйц үр өгөөжийг эдийн засагт авчирч байгаа нь бодит үнэн. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн хөтлөгч хүч нь нүүрсний салбарынхан гэдэгтэй маргах шалтгаан үгүй ээ.

“Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” хэмээн “Коал Монголиа-2012” олон улсын чуулга уулзалтын оролцогчид онцолж байсан. Гэхдээ, нүүрсний гүн боловсруулалтыг, байгаль орчны асуудлыг, орон нутгийн хөгжлийг нүүрсээр овоглосон компанийн эздээс асуух нь нийгмийн захиалга билээ. Газрын хэвлийд он удаан жил дарагдсан эртний аварга мод өдгөө эдийн засгийг услах “хар нүүрс” аж. Түүгээр Монголын эдийн засаг “хөлжиж”, нүүрсний шидээр Монгол Улс Хятадын хамгийн ойрын, хамгийн хямд ханган нийлүүлэгч болсныг бид мэддэг мөртлөө өмнөд хөршдөө нүүрсээ нийлүүлсээр.

Дэлхийн хамгийн том зах зээл нь Хятад, нүүрсийг “ууж” буй “ёроолгүй сав” гэж хэлж болно. Хятадаас илүү сайн сонголт, түүнээс илүү хялбар, зардал багатай зах зээл өнөөдөртөө манайд алга. Тиймээс нүүрсний хайгуул хүрээ¬гээ тэлсээр. ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав “Өнгөрсөн онд Эрдэс баялгийн зөвлөлөөр давхардсан тоогоор 23 нүүрсний ордын нөөцийн тайланг хэлэлцэн 7.8 тэрбум нөөцийг шинэчлэн баталсан” гэв.

Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 175 тэрбум тонн. Цаашдаа 175+… гэсэн магадлал нүүрсний салбарт хамгийн өндөр болохыг тус салбарын сайд нь онцолсон. Тэгвэл нөөцийн хязгаарлалтгүй, бас татваргүй, түүхийгээр нь худалдаж болох нүүрсэнд ирээдүй бий юү.

Нүүрснийхээ нөөцөөрөө дэлхийн улс орнуудын эхний 15-т багтдаг Монгол “Нүүрсний Саудын Араб болно” гэдэгт та хэр итгэлтэй байна вэ. Улсын хэмжээнд нүүрсний 85 ордтой гэсэн статистик мэдээ бий. Гэхдээ, 85 орд нь нөөц болоод нүүрсний чанараасаа хамаараад эрс тэс. Монголын нүүрсийг бусдаас илүүтэй сонирхож буй худалдан авагч бол манай мөнхийн хөрш Хятад. Тэд Монголоос нүүрс авахгүй байснаараа “гал алдана” гэдэг юу л бол. Харин урд хөршид Австрали, Индонези гэсэн хоёр том ханган нийлүүлэгч бий. Монголын нүүрс тэдэнтэй өрсөлдөж байна. Тэгвэл Монгол Улс урд зүг рүү нүүрс экспортлохгүй байснаар юу хожих вэ. Мэдээж, Монгол Улс хохирч, эдийн засгийн өсөлт удааширч, төсвийн орлого саарахыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа хэллээ.

Болгоомжлол

Монголын нүүрсний ирээдүй ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хөгжлөөс шууд хамааралтай байхаар төлөв ажиглагдаж байгааг Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рандолф С.Коппа “Нүүрсний зах зээлийн стратегийн хөгжил” илтгэлдээ тэмдэглэв. Тэрбээр Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэмжихдээ ирэх 2016 он гэхэд Хятад руу экспортолдог Монголын коксжуулсан нүүрсний хэмжээг 50 сая тонн гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлсэн. Өнгөрсөн онд нэг тонн нүүрс 100 ам.долларын дундаж үнэтэй байсан бол 2010 онд нэг тонн нүүрс 50 ам.доллар болтлоо буурсан. Нэг үгээр хэлбэл, Хятадын эдийн засаг өөдрөг байвал ирэх өдрүүдэд тонн нүүрсний үнэ 100 ам.доллараас өснө гэсэн дүгнэлтийг С.Коппа өгөв.

Бидний өмнөд хөрш дэлхийн коксжуулсан нүүрсний гол хөдөлгүүр аж. Өнгөрсөн онд л гэхэд Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэл есөн хувиар өсөхөд дэлхийн үйлдвэрлэл зургаан хувийн амжилт үзүүлсэн. Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 8.9 хувиар өсөж, Монголын эдийн засаг 17.5 хувиар хурдсаж дэлхийд “гайхуулав”. Зүүд гэмээр манай эдийн засгийн өсөлтийг зүлгүүрдэх нүүрсний экспортын хэмжээ ч гадаад худалдааг сэвхийтэл өөд нь татсан билээ. Гэхдээ, өсөлтийн цаана уналт байгааг С.Коппа сануулсан байгаа. Уналт нь зөөлөн газардалт байж чадах уу гэсэн хариултыг тэр бидэнд үлдээв. Учир нь, коксжуулсан нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа, Хятадын Төвбанк бодлогын хүүгээ хөдөлгөх болсон, үйлдвэрлэлийн өсөлт буурч байгаа нь манай нүүрсний салбарт ч өсөлт бус алдагдал дагуулж мэдэх аж. Тиймээс нүүрсний түргэмгийлэл богино настай ч байж болох тал ажиглагдаж байна. Гэхдээ түр зуурын саатал байхыг ч үгүйсгэх аргагүй.

6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой” компани 2013 оны эхээр хоёрдогч зах зээлд хувьцаагаа арилжаалахаар бэлтгэж байна. Тус компани 162.3 тэрбум тонн нөөцтэй Монголын нүүрсний баялгийн ердөө л үйрмэг нь. Урд хөрш өнгөрсөн хугацаанд манай томоохон хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Өнгөрсөн жил л гэхэд 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг тоогоор хэлбэл, нэлээдгүй өндөр тоо гарах нь тодорхой. “Өмнөд хөршийн нийт нүүрсний импортын 11 хувийг Монголын гаралтай нүүрс эзэлдэг. Хятад улс руу экспортолж буй нүүрсний өнгөрсөн оны хэмжээг 2010 онтой харьцуулбал 23 хувиар өссөн” гэж БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолун “Коал Монголиа” чуулганы үеэр тэмдэглэсэн билээ.

Тэд манай улсаас авах нүүрсний импортын хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ч Монголын нүүрсний өртөг нэмэгдэж, нүүрсэндээ экспортын татвар шингээх асуудал яригдаж байгаа нь сүүлийн үед дотоодын экспортлогч компаниудад “цочроо өгөв”. Нүүрсэнд экспортын татвар тогтоосноор манай эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ багасч, Монголын өртөг өндөртэй нүүрсийг урд хөрш худалдан авах сонирхол буурна гэж уул уурхайн салбарынхан үзжээ. Экспортын татвараас гадна ирэх жилүүдэд Хятадын эдийн засаг цэлмэг байхгүй нь гэсэн айдас Монголын нүүрсний ирээдүйд, одоогийн экспортын хэмжээнд цэг тавьж мэдэх тул тус салбарынханд эрсдэлээ тооцсон болгоомжлол төрүүлжээ. Гэтэл нүүрснээс экспортын татвар авах сонирхол шургалах боллоо.  Монгол нүүрснийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд, түүнийгээ үнэд хүргэхэд экспортын татвараар торгох бус харин дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудлыг нь нэг мөр шийдэж, боловсруулалт, коксхимийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгоход анхаарах шаардлагатай байгааг гаднын хөрөнгө оруулагчид өгүүлсэн. Нүүрсний бүтээгдэхүүний /баяжмал, кокс, давирхайн боловсруулалт, шингэрүүлсэн түлш экспортыг бүх талаар нь дэмжинэ гэдгээ манай Засгийн газар илэрхийлсэн ч өнөөг хүртэл нүүрс тээвэрлэх нэг км ч төмөр замын ажил эхэлсэнгүй.
 

Хонгилын үзүүрт гэрэл улалзав

 
Монголын нүүрсний экспорт ирэх жилүүдэд саарч, түүнийг худалдан авах сонирхол Хятадад буурах ч магадгүй эсрэгээрээ эдийн засаг сэргэж, эрэлтээ гүйцэхгүй ч байх хэд хэдэн шалтгаан бий. Хятадын хөгжлийн 2012-2017оны төлөвлөгөөнд тэмдэглэснээр тус улсын бүтээн байгуулалт АНУ-тай харьцуулахад найм дахин их байна. Хотжилтын өсөлт 48-54 хувь болтлоо өсөхийн хэрээр бусад орон сууц, барилгажилт нэмэгдэх аж.

“Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөнд гангийн эрэлт жилд зургаан хувиар өсөх магадлалтай байна. Хэдий эдийн засгийн зарим үзүүлэлт сайнгүй байх боловч коксжуулсан нүүрсний импортын таамаг¬лалаас үзвэл дотоодын нүүрсний олборлолт хамгийн ихдээ хүрнэ гэж үзэж байна” хэмээн “Нүүрсний зах зээлийн стратегийн хөгжил” илтгэлд дурджээ. Хятад нь одоогоор гангийн үйлдвэрлэлдээ зориулж жилдээ 380 сая тонн коксжуулсан нүүрс нийлүүлдэг. Ихэнх нь газар доорх уурхайнууд. Зардал болон аюулгүй байдлын асуудлууд өсөж байгаа тул нүүрсийг импортоор авах хүслээ өмнөд хөрш орхиж чадахгүй нь гэсэн дүгнэлтийг эндээс харж болохоор. Ирэх таван жилд Хятад улс жилдээ 70-100 сая тонн хүртэл, эсвэл бүр 200 сая тонн хатуу коксжуулсан нүүрс импортолно гэсэн мэдээ бий. Тэгвэл, Энэтхэг улс жилдээ 40-60 сая тонн импортлоно гэх таамаг бий. Магадгүй, Монголын дараагийн том зах зээл Хятадаас гадна Энэтхэг байхыг үгүйсгэх аргагүй юм.

Гэхдээ урд хөршид нүүрсний зах зээлээ төвлөрүүлж, байр сууриа баталгаажуулан, өндөр чанартай коксжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тээвэрлэлтийн зардлаа бууруулсан тохиолдолд экспортын татвараас дутахгүй ашгийг монголчууд хүртэх боломжтой юм байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болж байгаа ч нүүрс Азидаа эрчим хүчний “хаан” байна гэсэн дүгнэлтийг хамгийн сүүлд болсон “Coaltrans Mongolia” олон улсын бага хурлын үеэр ”Пийбоди Энержи” компанийн Монгол ба Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед онцолсон билээ.

Түүнчлэн “Дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг нүүрсээр хангаж байна. Үлдсэн хэсгийг нь цөмийн эрчим хүч болон хийн түлш эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд эрчим хүчний гол түүхий эд нь нүүрс байлаа. Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг гол төлөв нүүрс хангаж байна. Дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэглээний 30 хувийг дангаараа нүүрс эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрс дэлхийн нийт эрчим  хүчний 49 хувийг үйлдвэрлэсээр байна. Нүүрс бол дэлхийн гол түлш. Тиймээс Монголд эрчим хүчний диваажин байгуулах боломж бий” гэж Аршад Саиед Монголыг “магтав”.

Манайх 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 157 оронтой худалдаа явуулах эрхзүйн орчин бүрдүүлсэн ч өмнөд хөршөөсөө өөр зах зээлийг нээж чадаагүй байгааг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван тайлбарласан юм. Тэрбээр “Хятад өөрөө дэлхийн хамгийн том түүхий эдийн зах зээл. Тэр дотроо уул уурхайн бүтээгдэхүүний.

Дэлхийн бүх орон Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд өрсөлдөж байхад бид Хятадад өгөхгүй гэвэл аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил юм болно. Тэгээд ч давуулаад өгөх зах зээл байтугай боломж нөхцөл нь ч алга. Хамгийн гол баримтлах бодлого бол гаргаж байгаа бүтээгдэхүүндээ хэрхэн нэмүү өртөг шингээх, үнэ хүргэх вэ гэдэг л чухал” гэлээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт хэрэгцээ өсөж байна. Тухайлбал, 2010-2035 он хүртэл нүүрсний эрэлт хэрэгцээ 60 хувиар нэмэгдэх төлөвтэй буй аж. Нүүрсний үйлдвэрлэл 2035 гэхэд 65 хувиар өснө гэсэн таамаг ч бий. Нүүрсийг дэлхийн 50 оронд олборлож байна. Эдгээр 50 улсын нүүрсний салбарт нийтдээ 70 гаруй сая хүн ажиллаж байгаа гэсэн тоон үзүүлэлт бий. Хятадын эдийн засаг өөдрөг байвал Монголын нүүрс уул уурхайн нэрийн хуудас хэвээр үлдэх аж.

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж