”Бие даасан тоглолтоо өндөр зэрэглэлээр хийнэ”

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

”Бие даасан тоглолтоо өндөр зэрэглэлээр хийнэ”

МУГЖ Ж.Алтанцэцэг: Найз маань алтан аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ гэж алтан аяга бэлэглэсэн

Рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа чадалтай хоолойтой гэдгээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж ирсэн дуучин Ж.Алтанцэцэг Монгол түмний баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Шинэхэн гавьяаттай уулзаж ярилцлаа.

-МУГЖ цолоо авах агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд 1992 онд анх тайзан дээр гарч байлаа. Тэр үеэс тасралтгүй 20 жил дуулаад МУГЖ хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна. Төрийн том шагнал гардаж авч байх мөчид догдолж байсан хэрнээ их айдастай байдаг юм байна. Би ойрын хэдэн жил тайзан дээр гарахдаа ч ингэж сандарч байсангүй. Төрийн их үнэлэмж, түмэн олны хайр хүндэтгэл гэдэг ямар агуу сүрдмээр биширмээр, бахархмаар зүйл вэ. Төрж өссөн нутаг ус, ахан дүүс, найз нөхөд, хамт олон, Монголын рок попынхон, урлагийнхан, урлагийн төлөө гар бие нийлэн ажиллаж байгаа үе тэнгийнхэн, СУИС-ийг хамт төгсөгчдөдөө баярласнаа илэрхийлье.  Долоодугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн уурхайн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд дуулах гээд явж байхдаа баяртай мэдээ сонссон. Тэгээд орой 21:00 цагт ирээд дээлээ бэлдсэн. Гоёлын дээлийг маань Талст дэлгүүрийн захирал найз маань чи өөрөө дээлийнхээ өнгийг сонго гэсэн. Миний тайзны хувцсыг олон жил оёсон Халиунаа маань шөнөжингөө сууж оёод өглөөний найман цагт примеркээ өмсөөд яг шагнал авахын өмнө бэлэн болгож өгсөн.

Энэ мэтээр миний эргэн тойрны хүмүүс бүхий л зүйлд маань ач холбогдол өгч байдаг. Энэ үед нэгдүгээрт, дууны урлагт олон жил үнэнчээр зүтгэсэн он жилүүд бодогдсон. Хоёрдугаарт, Монголын рок попын төдийгүй Монголын соёл урлагт ч тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор "Pro sounds" студиэ байгуулаад гурван жил болж байна. Гуравдугаарт, маш олон улсын тэмцээн, олон фестивальд Монголынхоо соёл урлаг, тэр дундаа ардын дуунуудыг сурталчилж явж байсан. Нийтдээ долоон тэмцээнд оролцсоноос гурван удаа гран при шагналыг нь эх орондоо авчирч байлаа. Энэхүү хичээл зүтгэлүүдийг минь үнэлж олгосон болов уу гэж бодож байна.

-Шинэхэн гавьяатыг хэзээ цолныхоо баярыг хийх бол гэж хүмүүс битүүхэн сонирхож байгаа байх?

-Энэ талаар хүмүүс их асууж байгаа. Төрийн ордноос шагналаа аваад гарч ирэхэд маш олон хүмүүс цугларсан байхыг хараад би ямар их нийтэч хүн бэ гэж бодсон. Яагаад гэвэл тэр үед миний арван жилийн ангийнхан, их сургуулийн найзууд, багын найзууд, одоо надтай он цагийн хугацаанд найзалж байгаа найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, рок попын эмэгтэй дуучид бүгд ирсэн. Бас энэ өдөр хөгжмийн зохиолч хоовон Энхбаяр ах маань гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэж рок попынхон давхар баяр болсон. Бараг Сүхбаатарын талбай дээр миний наадам болж байгаа юм шиг тийм их хөлтэй байлаа. Тэгээд шууд баяраа тэмдэглэсэн.

Тэр үед хүмүүс чи хүүхдийнхээ төрсөн өдөр, өөрийнхөө төрсөн өдрийг бэсрэг наадмын хэмжээнд тэмдэглэдэг юм чинь энэ найр аймаар том баяр болох нь тодорхой гээд тоглоом, шоглоомоор хэлж байсан. Би хувьдаа аливаа баяр ёслолыг утга учраар нь тэмдэглэж байх хэрэгтэй гэж боддог. Бид амьдарч байгаа цаг үедээ эдэлж хэрэглэж өмсөж зүүж, зөв шударгаар хөдөлмөрлөж түүнийхээ хажуугаар өөрийнхөө амьдралыг цэцэглүүлж, залуу үедээ үлгэр дууриал болох гээд олон зүйл дээр гоё амьдрах ёстой. Тийм учраас найраа есдүгээр cap гаргаад намрын шаргал өдөр хийх нь зүйтэй юү гээд ярьж байна. Миний продюссер Мөнхсайхан ах энэ ажлыг зохион байгуулах тал дээр илүү үүрэг гүйцэтгэнэ. Сайн зохион байгуулалттай, тоглолттой, ирсэн зочдоо хүндэтгэлтэй хүлээж авна гээд сайхан найр хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Үүнээс гадна гэр бүлийн хувьд давхар давхар баяр тохиосон гэж сонссон?

-Намайг шагнал авахаас хэд хоногийн өмнө залуучуудын байгууллагаас "Манлай гэр бүл" өргөмжлөл хүртсэн. Манай нөхөр миний хийх ажил тусдаа, чинийх тусдаа гээд өөрийнхөө үзэл бодлыг тунхаглах дуртай хүн. Манай найзууд Алтаагийн нөхөр Сүхээ гэхээр дургүйцдэг. Харин Сүхбуянгийн эхнэр Алтанцэцэг гэж хэлүүлэх дуртай байдаг одоо бүүр гавьяатын нөхөр гэж хэлүүлэх боллоо гээд инээлдэж байсан. Бид чамайг хэзээ нэг өдөр ийм шагнал авна гэж бодож байсан юм гээд манай Талст дэлгүүрийн захирал Мөнхгэрэл гэр бүлийн хамт маш гоё хийцтэй алтан аяга бэлэглэсэн. Миний найз энэ аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ, өөрийгөө илүү зоригжуул, өөрийгөө үнэл чи цаашдаа их зүйл хийж чадна гэж итгэл өгсөн. Урам зориг, хайр хүндэтгэл гэдэг маш том хариуцлага дагуулах ёстой гэж бодож байна. Мөн энэ өдөр нөхрийн маань уясан шүдлэн гуравт давхиж эхлэхэд нөхөр маань тэнд байгаа хүмүүсийг цочтол хашгирсан. Гэвч барианд ирэхийн өмнө ухарчихсан. Гэхдээ тэр олон морьдоос аравт орно гэдэг том зүйл шүү дээ. Тийм учраас нөхрийн маань ажил урагштай байх юм байна гэж бодож байлаа. Одоо ч бизнесийн ажил нь амжилттай явж байгаа.

Ер нь хариуцлага гэдэг үгийг зүгээр нэг хэлэх биш, маш их зүйл хийх ёстой.13-нд "Кофе юу, цай юу" нэвтрүүлэгт оролцоход хүмүүс утасдаад үзэгч авах боломж олгохгүй байж байгаад цаг дуус-сан, Нэг эмэгтэй чи мятаршгүй Жулия шиг явсаар байгаад ийм шагнал авсныг мэднээ гэж хүртэл хэлж байлаа. Дуулсаар байгаад авлаа, баяр хүргэе чи авах ёстой хүн гэж олон чин сэтгэлийн үг хэлсэн нь намайг цаашид олон уран бүтээл хийх эрч өглөө. Мэдээж хань ижил, бас хоёр хүүхэд маань ээжээрээ бахархаж байгаа. Гэхдээ одоо хоёр хүүхэд маань бага байна. Нөхөр маань Алтаа одоо том тоглолт хийхгүй бол хүмүүс чамайг харж байгаа, хүлээж байгаа дуунаас өөр ажилд битгий цаг хугацаа зарцуул гэж хэлээд байгаа. Хүн зөв бодож, зөв амьдарч түүндээ хүрэхийн төлөө зүтгэхэд заавал амжилтанд хүрдэг юм байна гэдгийг харлаа. Хамт шагнал авсан эгэл жирийн ажил хөдөлмөрч хүмүүсээр бахархсан гэдгээ зориуд хэлэхийг хүсч байна. Дээр нь ардчилсан Ерөнхийлөгчөөсөө ийм том шагналыг гардаж авсныгаа их хувь тохиол гэж билэгшээж байна.

-Рок попын хатагтай, дива нар ээлж дараалан гавьяат болоод байна. Магадгүй дараагийн гавьяат дуучин С.Наран байж болох юм. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Намайг шагнал авах үеэр Наран гадагшаа явсан байсан. Ирээд найз руугаа хамгийн түрүүнд баяр хүргэж ярих байх. Миний араас Наран тэгээд ар араасаа дуучид авах байх. Рок попын урлагт зүтгэсэн 20 жилийн босгон дээр "Найзууд" нэртэй дуу хийсэн. Энэ дууг хүмүүс маш их хүлээж авч найз нөхдүүд олон жилийн баяраа хуваалцахад ялангуяа миний үеийнхэн сонсох дуртай байдаг. Бас гавьяат цол авсан хүмүүс уран бүтээлээ хийхгүй, алга болоод байдаг юм тэгж болох-гүй шүү гэсэн үг над дээр ирлээ.

-Та Налайхад өссөн. Тэр нутгийн ард түмэн таны сэтгэлд ойр дотно санагддаг байх?

-Тийм ээ. Би нэг настайгаасаа аравдугаар ангиа төгстөл Налайхын бяцхан тосгонд байсан. Тэр баярт мэдээг сонсоод Налайхын тайзан дээр дуулж чадахгүй байсан. Налайхын уул ус намайг түшиж байгаа юм болов уу, гээд аавыгаа маш их дурсч байлаа. Налайхын уурхайчдад хандаж сэтгэлийн үгээ хэлсэн. Аав минь өнөөдөр амьд сэрүүн байсан бол та нарынхаа дунд сууж байх байсан гэж хэлсний дараа тоглолт хөтөлж байсан Улсын филормоний н.Ухнаа дарга миний тухай олон зүйл ярьсан. Дуучин болсон тайзан дээрээ олон жилийн дараа бэлгэдлийн сайхан үг сонсоно гэдэг миний хувьд учрал ерөөл гэж байдаг юм байна гэж эрхгүй бодогдож билээ. Ухнаа даргыг үг хэлсний дараа би хэсэгтээ хямраад уйлсан. Мэдээж сэтгэл хөдлөлгүй яахав. Харин ээж маань өдгөө амьд сэрүүн, миний баяр баясгалан, аз жаргалыг хуваалцаад, сайн сайхан амьдралыг хараад баярлаад бахархаад явж байгаа. Ер нь хүн хүндэтгэлтэй мөчид байхгүй хүмүүсээ их дурсдаг юм байна. Налайхын эгэл жирийн уурхайчид бүгдээрээ аав ээжийн маань найзууд. Бас Налайхын баяр дээр сууж байгаа бүх хүмүүс чамайг гавьяат болсон гэсэн чинь уухай хашгираад баярыг чинь хуваалцаж байна, чи Налайхын бахархал шүү гээд найзууд маань ярьсан. Үнэхээр баяртай байна.

-Алтаа гавьяат маань дуулахаас гадна өөрийн гэсэн гарын шавьтай болоод авсан?

-Би энэ охид шигээ хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд тэмүүлж байсан үе маань аль хэдийн ард үлджээ. Энэ хугацаанд Монголын Таван дивагийн нэг болоод, шавь нартай болоод, студи байгуулаад гавьяат боллоо. Цаашдаа урлагийн олон сайхан ажил хийх төслийг эхлүүлчихсэн явж байна. Хүн өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, хариуцлагатай идэвхтэй байж чадвал амжилт хүлээж байдаг юм байна. Түүнээс дуулсан хүн болгон дуучин болоод байхгүй байх л даа. Шагнал гэдэг маань өөрөө эзэндээ итгэл хүлээлгэх ёстой. Төрийн дансанд орж улсынхаа нүүр царай болсон дуучин маань эргээд улс эх орондоо юм бүтээх үүрэгтэй. Өмнө нь би олон хүмүүнлэгийн ажил хийж байхдаа дива дуучин ямар байх ёстой юм, юу хийх ёстой юм гэж боддог байсан бол өнөөдөр МУГЖ хүн улс орныхоо нүүр царай болохын тулд юу хийх ёстой юм гэдгийг харуулж мятаршгүй зүтгэх ёстой гэж бодож байна.

-Мэдээж эхний удаа бие даасан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа биз?

-Аравдугаар сарын 29, 30-нд бие даасан тоглолтоо өндөр зэрэглэлээр хийнэ гэж бодож байна. Ер нь аравдугаар сард миний уран бүтээлийн ажил өрнөх юм. Ямаха Од-Эрдэнэ гэхэд л хэзээ ч өмнө ямар ч тоглолтонд дуугарч байгаагүй бүх хөгжим, гэрлээ чиний тоглолт дээр гаргана гэсэн. Тийм учраас дуулах гэж байгаа хүн маш хариуцлагатай, олон дуу хийх ёстой болов уу. Харанга хамтлагийн дуучин Чука ах дүүдээ баярлалаа, чамайг олон хүн гавьяат болоосой гэж ярьдаг юм билээ гэж хэлснийг санаж байна уу гэж ярьсан. Рок попынхон маань бүгд баяр хүргэж, энэ шагналыг өндрөөр үнэлж байгаа. Бас клипнийхээ зураг авалтыг хийсэн, бас шавь охид маань тоглолт хийнэ. Таван шавьтай. Скайтелийн сүлд дуун дээр клип хийлгэсэн. Өнөө маргаашгүй цацагдана. Бас шинэ дуу дуулж байгаа. Манай студи наадмын үеэр SBN телевизтэй хамтран "Манай аялгуу" төсөл дээр хамтран ажилласан. Ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэ залуу дуучид ямар байдлаар дуулдгийг харууллаа.

-Таны уран бүтээл уянгын ардын байсан. Харин одоо опера чиглэл рүү хэлбийгээд байх шиг?

-Гавьяат болоод хамгийн түрүүнд МУГЖ Ичинхорлоо багш руугаа ярьсан чинь уйлаад л эхэлсэн. Өнгөрсөн жил багш дээрээ очиж золгоход одоо чамд гавьяат өгөх болсон байх гэж хэлж байсан. Багшийгаа амьд сэрүүн багшлаад явж байх хугацаанд оюутан ахуй цагтаа дуулж байсан олон ари романсуудыг дуул. Чи мэргэжлийн хэмжээнд дуулж чадах чадалтай дуучин. Тийм учраас багшийгаа байхад опера чиглэлийн тоглолт заавал хий, энэ бол багш хүний хувьд өгч байгаа үүрэг, үгүй гэвэл чамтай дуугарахгүй байхад ч бэлэн байна гэж жаахан зэмлэнгүй зүйл хэлсэн. Бараг энэ үг намайг ирлэсэн гэхэд болно. Мөн тэр үед Музыкль продакшн Монголын эмэгтэй эстрадын поп дуучдаас илүү дуурийн дуу дуулах онцлогтой нь чи, тийм учраас энэ онцлогийг харуулсан дуу хий гэж зөвлөснөөр Опера цомгийнхоо төслийг эхлүүлсэн юм. Ингэхдээ Монголын cop болсон хөгжмийн зохиолчдын дуунуудыг аваад хийсэн. Би СУИС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн. СУИС-ийг төгсөх жилээ хэд хэдэн том ари дуулсан. МУГЖ А.Дашпэлжээ ийм жижигхэн биетэй хүн үүнээс ил үү яаж дуулахав, чи бас аягүй хөөрхөн дүрүүдийн дуучин болж чадна гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

Бас Холливиудын бааранд дуулаад өглөө хичээл дээрээ ирээд гаммаа унших гэхэд хоолой гарахгүй байснаа бодохоор тухайн үедээ сахилгагүй оюутан байсан санагддаг юм. Бас болоогүй ээ Варьете чуулгын дагалдан дуучнаар ажиллаад, дараа нь 1993, 1995 онд олон улсын тэмцээнд оролцохдоо дандаа эстрад дуу дуулдаг байлаа. Тэр үед багш чи поп дуучин биш, маш гоё концертны дуурийн дуу дуулаад зогсч байх дуучин гэж чамгүй зэмлэсэн дээ. Гэвч намайг дийлээгүй. Тухайн үед Монголын рок попын хөгжил маш хүчтэй байсан. Дээр нь 1993 онд поп хатагтай Б.Сарантуяа СУИС-д орж ирснээр үндсэндээ миний амьдрал цэвэр поп урлаг руу хөтлөгдсөн. Тухайн үед Сараа маргахын аргагүй од байсан. Тэгээд Наран бид хоёр танил-цаад дараа нь Ангирмаа гэх мэтчилэн яриад байвал их түүх өгүүлэх байх аа.

Шөнөжин дуулж бүжиглээд өглөө нь хичээл дээрээ хоолой гарахгүй байхад багш маань сургуулиас хөөлгөнө гэж олон удаа зэмлэсэн дээ. Багш маань шавиараа маш их бахархаж байна. Миний шавь шагналаа аваад ханах биш, илүү том хэмжээний дуучин болж чадна, хэдийгээр урлаг соёлтой холбоотой ч гэсэн өөр ажил хийгээд байна, одоо багшлахаа боль, студиэ боль, зөвхөн уран бүтээлдээ анхаар гэж хэлсэн. Энэ завшааныг ашиглан Монголынхоо ард түмэнд баярлалаа гэдгээ уламжилъя. Миний студиэс гарч байгаа дуу болгон хит болж, шавь нар маань амжилтанд хүрч, залуучууд маань урлаг соёлынхоо төлөө үнэнчээр зүтгэх мөн л миний шагнал болж байна.

-Та шагналыг юу гэж боддог вэ?

-Зарим хүмүүс том цол хэргэмд дургүй гэж ярьдаг. Энэ нь цаг дээрээ худлаа байдаг байх аа. Харин авсныхаа дараа үүнийгээ баталгаажуулах нь чухал юм болов уу гэж бодож байна. Шагнал эзэндээ олон сайхан зүйлийг авчирдаг. Би 39 настай, ид хийж бүтээх насан дээрээ гавьяат жүжигчин гэдэг шагналыг авлаа. Хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг минь илүү бадрааж, илүү эрч хүчийг өгч байгаа шагнал боллоо гэж бардам хэлэх байна. Найрнаас илүү том тоглолт хийхийг хүсч байна

-Та хүүхдийн сувилал байгуулна гэж ярьж байсан. Одоо олон ажил давхцаад сувиллын ажил хойшлогдох уу?

-Энэ ажлыг заавал хийж гүйцэтгэж хүмүүст харуулна гэж бодож байгаа.

-Сонирхоод асуухад та "Талст" дэлгүүрээ хотын ганган залуусын зочлох дуртай дэлгүүр болгоно гэж ярьж байсан санагдана?

-Долоодугаар сарын 11-ний өдөр "Талст" дэлгүүрийн гурван давхарт шинэхэн гавьяатын лангуу нь аль юм, тасаг нь аль юм гээд хүмүүс явж байна гээд найз хүүхнүүд маань утасдаад байсан. Гэхдээ дэлгүүрээ улам өргөжүүлнэ ээ.

-Нэгэнт гавьяат цолны талаар ярьж байгаа болохоор асууж байна л даа. Нэг үе МУГЖ цол үнэгүйдлээ, нүдээ олсонгүй гэж хэдэн залуу дуучдыг гавьяат болох үеэр шүүмжлэн ярьж байсан. Энэ тухайд?

-Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Т.Баясгалан нарын хувьд надаас олон дүү л дээ. Яахав тухайн үед хурдалж байгаа моринд ташуур өгсөн бол нүдээ олсон зүйл болсон байх аа. Ард түмний үнэлэлт, хүндлэл хамгийн чухал байдаг.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж